image

HAESEONG: Хэн нэгэн чамд таалагдвал хөл дээр нь гишгээд гараас нь барьдаг Монгол соёл таалагддаг

Монгол Улсын их сургуулийн Олон Улсын Харилцааны ангид суралцаж байгаад нутаг буцсан Өмнөд Солонгосын иргэн Hae Seong-тай монгол орны соёл болон хэлийг хэрхэн сурсан тухай, энд байх хугацаандаа бүтээсэн сонирхолтой дурсамжийн талаар ярилцлаа. 

HaeSeong-ний найзууд түүний хөгжилтэй занд нь дуртай. Түүнээс монголын тухай чин сэтгэлийн үгс, сэтгэл гардаг нь хайр татдаг гэсэн юм. 

- Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та бидэнд өөрийгөө танилцуулаач?

- Би Park овогтой HaeSeong, 24 настай. Өмнөд Солонгос иргэншилтэй, Монголд МУИС-д Олон Улсын Харилцааны мэргэжлээр суралцаж байгаад эх орондоо ирээд байж байна. Одоо Инчоны нисэх онгоцны буудалд ажиллаж байгаа.

- Та яагаад Монгол Улсад суралцах болсон бэ?

- Дийлэнх хүмүүсийн явдаг сонголтоор дагаж явахыг хүсээгүй. Шинэ орчин нөхцөлд өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцахыг эрмэлзэж Монголд суралцах шийдвэрийг гаргасан. Энэ сонголт маань ч алдаа байгаагүй.

- Та дахин Монголд ирэх төлөвлөгөөтэй байгаа юу? Байгаа бол ямар зорилгоор?

- Дахин Монголд аялалаар очих бодолтой байгаа.

- Монголд хэр олон найзтай вэ. Одоо найзуудтайгаа холбоотой байдаг уу?

- Олон найзуудтай байсан шүү. Харин одоогоор холбоотой найзууд цөөн үлдсэн /инээв/

- Монголд чөлөөт цагаараа юу хийж хөгжилддөг байсан бэ?

- Найзуудтайгаа биллиард тоглож, караоке орж дуулна. Монгол хэл сурахдаа анхаарч ирээдүйн талаар өөрийнхөө тухай боддог байсан.

- Та монгол хэлээр маш сайн ойлгож, бичиж, ярьдаг. Хэрхэн монгол хэл сурсан бэ?

- Би Монголд  хоёр жил гурван сарын турш байсан. Тухайн үед хичээлийн номоо монголоор уншихаас гадна хүмүүстэй ярилцаж, ярианы чадвараа сайжруулахад илүү анхаарсан. Би монгол кино үзэж, дуу сонсох дуртай, энэ сонирхол маань ч надад тусалсан.

Өмнөд Солонгост буцаж ирээд цэрэгт явсан. Энэ хугацаанд монгол хэлийг мартахыг хүсээгүй болохоор цэргийн даргынхаа яриа болон командыг дэвтэр дээрээ монголоор бичиж тэмдэглэх мөн өөрөөсөө монголоор асуулт тавьж хариулах маягаар байнгын давтлага хийдэг байсан.

- Монголд амьдрахад юу нь сайхан мөн бэрхшээлтэй зүйлс юу байсан бэ?

- Хичээл дээр багш асуулт асуухад монгол оюутнууд зоригтой гар өргөж хариулдаг. Ингэж бодлоо чөлөөтэй, зоригтой илэрхийлж санаа бодлоо солилцож байгаа нь бидний амьдралд маш чухал юм. Энэ байдал нь надад хамгийн их таалагддаг.

Харин бэрхшээлтэй тал нь хаа ч хулгайчид их учраас байнга анхаарал сэрэмжтэй явах хэрэгтэй болдог. Хүмүүс жаахан л санал зөрөлдвөл зодоон хийдэг мөн авто замын түгжрэл хамгийн хэцүү байсан.

- Монгол ямар хоолонд дуртай юу?

- Олон монгол хоолонд дуртай. Хуушуур, банштай цай, гурилтай шөл бас ногоотой шөл хамгийн гоё.

- Та өөрийн сошиал хаяг буюу фэйсбүүктээ Монголын хотын соёл, харилцаа, хандлагын талаар асуудал дэвшүүлсэн нийтлэлүүд нийтэлдэг.  Яагаад энэ тал дээр дуу хоолойгоо хүргэх болсон бэ?

- Миний сэтгэл монголд маш их хайртай. Болж бүтэхгүй асуудлууд гарах нь монголын хөгжил, хотын соёлыг хойш татах учраас харамсдаг. Би сошиал хаягтаа олон монгол найзуудтай. Тиймээс тэд нартай тэдгээр асуудлуудыг хуваалцаж санал бодлоо солилцдог.

- Монгол залуусын сул болон давуу тал?

- Сул тал нь цаг сайн барьдаггүй. Мөн насанд хүрсэн хэрнээ уур болон сэтгэл хөдлөлөө хянах чадвар муу болохоор сөрөг үйлдлүүд их гаргадаг.

Гэхдээ маш олон давуу талтай. Өмнө хэлсэнчлэн нээлттэй, зоригтой байдал нь хамгийн чухал.

- Өөрийн сонирхдог зүйлсээ хуваалцвал?

- Би олон улсын хэл, соёл, түүх, урлагийг сонирхон судалдаг. Мөн өөрөө дуулж бүжиглэх дуртай. Энэ нь эрүүл мэндэд ч тустай болохоор хүмүүсийг уриалдаг.

Сүүлийн үед бизнесийн ухааны талаар сонирхох болсон.

- Монголд байх үеийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?

- Монголд ирээд удаагүй байхдаа автобусанд суусан. Тэр үед нэгэн танихгүй охин миний гарнаас удаан барьж байгаад буусан. Тэр үед миний сэтгэл маш их догдолж тэр охиноос ч харцаа салгаж чадаагүй. Гэртээ ирээд ч тэр явдал санаанаас гарахгүй байсан болохоор найздаа ярьтал монголын сонирхолтой соёлын талаар ярьж өгсөн. Тэр нь хэн нэгэн чамд таалагдвал хөл дээр нь санаандгүй юм шиг албаар гишгээд гараас нь барих байсан. Энэ мэт сонирхолтой соёлууд надад таалагддаг /инээв/.

- Монголд хайртай байдаг ганцхан шалтгаанаа хэлээч?

- Чин сэтгэлээсээ харилцдаг найзууд, багш нар байдаг болохоор Монголд хайртай.

- Залууст хэлэх зөвлөгөө, урмын үгс хэлээч?

- Амьдралынхаа зорилгыг олоогүй бол өөрийнхөө дотор байгаа мөрөөдлөө сонсоорой. Тэрхүү мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж олж авбал чи үргэлж аз жаргалтай байна. Бүгдэд нь амжилт хүсье.

 

- Ярилцсанд баярлалаа.

 

 

2 Сэтгэгдэл:

  1. Ямар мундаг юм бэ? Чин сэтгэлээсээ хайрладаг нь мэдэгдээд байх юм

  2. hoorhon ymaa

Сэтгэгдэл илгээх

Image 02
05

Г.Мөнгөн: Хэрэгжүүлж чадахгүй бол ямар ч төлөвлөгөө гаргах хэрэггүй

Интернэтийг зөв эсвэл буруу ашиглах нь хувь хүний амьдралын зохион байгуулалтаас хамаарна. Интернетэд хэтэрхий их цаг зарцуулах нь буруу гэж хэлээд нэмэргүй. Зарим сургууль дээр гар утас хэрэглэхийг хориглож байна гэсэн. Хориглосон ч гэсэн бид интернэтийн эрин үед амьдарч байгаа учраас хэрэглэж л таарна.

Цааш үзэх
Image 01
19

Б.Нурсауле: Бусдыг дуурайхын тулд биш өөрийгөө хэн бэ гэдгийг олоход цаг гаргаарай

Хүмүүс онц сур, онц сур гээд байдаг даа. Миний бодлоор онц сураад хэрэггүй. Хүүхэд байхдаа хүүхдээрээ, тоглож наадаад, хийхийг хүссэн зүйлээ туршиж үзэх цаг юм шиг санагддаг. Тэгэхээр тик ток хиймээр байвал хий, зураг зурмаар байвал зур. Яг одоо чи хэн нэгэнд хэрэгтэй, хэн нэгэн чамд хэрэгтэй байгаа байх. Яг ийм мөчүүдэд нэгнийгээ ойлгодог байгаасай. Нэгнийгээ хайрлаж, өөрийгөө хайрлаж сураарай гэж үеийнхэндээ хэлье дээ.

Цааш үзэх
Image 01
14

"ОРОН ОРНЫ ДАРСЫГ АМТЛАХААР ТҮҮХ УУГААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ"

Герман улсын “Dusseldoerf” хотод дэлхийн хамгийн том дарсны үзэсгэлэн болдог. Би 10 жилийн зайтай хоёр удаа энэ үзэсгэлэнд оролцсон юм. Энэ жилийн тухайд усан үзмээ өөрсдийн гараар тариалж, дарс гарган авдаг 6700 орчим үйлдвэрлэгч нар цуглаж, гурван өдрийн турш хамдтаа зөвхөн “дарс”-ны тухай ярилцсан. Тэд нэгдүгээрт, тухайн жилийн дарсны трэндийг тодорхойлдог.

Цааш үзэх
Image 12
21

Эмээлийн "гөлөм" урлаач уран гарт бүсгүй Д.Мөнгөн

POSITIVE TALK гар урлаач Д.Мөнгөнийг урьж оролцуулж байна. Залуухан бүсгүй хэрхэн хүнд арьс ширээр гоёмсог бүтээл урладаг нь сонирхолтой. Тэрээр одоогоор гөлөм дагнаж оёдог. Ямар сайхан моринд гангараа нь болох бол гэж бодон, бодон сэтгэлээ зориулж гөлмөө урладаг гэж бахархалтай өгүүлэх түүний дотно ярицлагыг хүргэе.

Цааш үзэх