image

“ESAN бол Монгол оюуны өмчийг зуу зуун жилээр хадгалан үлдээж буй ХАМГИЙН ТОМ АРХИВ”

Esan” үндэсний цахим сангийн зөвлөх, доктор, дэд профессор Э.Болормаатай тус төслийн үйл ажиллагааны талаар ярилцлаа. 

 

- Үндэсний цахим сан буюу ESAN төслийг яагаад эхлүүлсэн бэ. Хамгийн гол зорилго нь юу вэ?

 

- Бидний үйл ажиллагаа албан ёсоор эхлээд найман жилийн хугацаа өнгөрчээ. Энэ ажлыг эхлүүлэх болсон шалтгаан гэхээсээ илүү бид цаг үеэ мэдэрч хөдөлсөн гэхэд болно. 21 дүгээр зууны боловсрол олгох хэлбэр нь өөрөө өмнөх зуунд байсан хэв маягаас тэс ондоо. Мэдээж хамгийн түрүүнд нэрлэх ёстой зүйл бол технологийн хурдацтай хөгжил. Сургалтын хөтөлбөрийг суралцагчийн эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан боловсруулдаг. Нэг удаа хийгээд орхих биш байнгын хөгжиж, тухайн нөхцөл байдлаас хамааран бүтэц, систем нь тодорхой хувиар өөрчлөгдөнө. Үүний дээр сурч хөгжихөд хамгийн том үүрэг гүйцэтгэдэг суурь бол ном, гарын авлага, унших материалууд. Эдгээр оюуны бүтээлийг ашиглан сурч буй хүн өөрөө бие даан ажиллахаас гадна мэдлэг олж авах чухал процесс үргэлжилдэг. Монгол Улсад байгаа оюуны өмчийн дийлэнх нь хэвлэмэл буюу цаасан хэлбэрт байдаг.

 

Үүнийг номын сангаас очиж хайж, магадгүй орон нутагт байгаа хүн хотын төвөөс олж авахаар ирнэ гэвэл өнөөдрийн мэдээлэл технологийн нийгэмд хэтэрхий төвөгтэй. Энэ үе аль хэдийнэ ард хоцорсон. Тэгвэл долоо хоногийн 24 цагт, ямар ч эх үүсвэрээс түргэн хугацаанд үнэн зөв, найдвартай мэдээлэл авах боломжийг л үндэсний цахим сан олгож байгаа юм. Бидний хамгийн гол стратеги бол системтэй ажиллах. Бэлэн байгаа бүтээлийг цахим орчинд төвлөрүүлэхээс гадна сургуулиудтай хамтран мэдээлэл авах цогц боломжийг бүрдүүлэх. Оюутан сурч буй сургуулийнхаа вебсайт руу нэвтрэхэд хичээл заадаг багш болон ижил төстэй мэргэжил, чиглэлийн дагуу мэдээлэл бэлэн байх гэдэг нь өөрөө маш том давуу тал. Тэгвэл иргэн бүр хаана сурч, хаана амьдарч байгаагаас үл хамааран хүссэн мэдээллээ маш уян хатан төлбөрийн нөхцлөөр авч чадаж байгаа нь л бидний зорилгын биелэл гэж ойлгож болно. 

 

 

Мэдлэгийн эдийн засаг, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсал гэдэг нь бидний бүтээж байгаа оюуны бүтээлүүд бүтээгдэхүүн болж, эдийн засгийн эргэлтэд орж, манай орны тулгамдаж буй асуудалд шийдэл хайх, үр нөлөө үзүүлэх үйл явц юм. Үүнд ESAN ямар үүрэг гүйцэтгэж байна вэ гэвэл хийж байгаа ажлуудын давхцал арилна. Би багш байлаа гэж бодоход оюутандаа дипломын ажлын сэдэв өгөхдөө ESAN руу ороод өмнө нь сонгогдсон уу, хэн нэгэн судалж байсан уу, ямар төвшинд хийгдэж байсан бэ гэдгийг шууд харах боломжтой гэсэн үг. 

 

Бид оюуны өмчийн зуучлагч болсноороо зохиогчийн бүтээлийг хамгаалж байгаа юм. Хэрэв зохиогч манайд бүтээлээ байрлуулсан л бол анхдагч огноо тооцогдоод хэн хуулсан бэ гэдгийг хялбархан мэдэх боломжтой юм. Ерөнхий утгаар нь ойлговол бид зохиогч болон зохиолч нарын хөдөлмөрийг үнэлж, тэдний бүтээлийг хамгаалах, түгээх, үнэ цэнийг нь тодорхойлох системийн шинэчлэлийг хийж байна. 

- Олон төрлийн мэдээллийг цуглуулж, бүтэн сан үүсгэхэд, зохиогч нартай хамтран ажиллахад голдуу ямар бэрхшээл тулгарч байсан бэ? 

 

- Уг нь оюуны өмчөө бүртгүүлж, хамгаална гэдэг хөгжилтэй орнуудын хувьд хариуцлагатай том сэдэв. Харин миний ажигласнаар манай улсад арай өөр дүр зураг бий. Патент авсан хүндээ ямар ч үр өгөөжгүй. Ямар ч эрэлтэнд орохгүй, орлогын эх үүсвэр болохгүй. Гэтэл зарим оронд патентаа банкинд барьцаа болгоод буюу үл хөдлөх болгон ашигладаг. Манай улс ийм төвшинд очих тухай удаа дараа хөндөгдөж байсан ч томоохон сан бүрдээгүй байсан учраас үр дүнд хүрч чадаагүй. Өөрөөр хэлбэл, бараагаа супермаркетад тавихгүй бол үнэ цэн нь мэдэгдэхгүй. Хэрэглэгч түүнийг худалдаж аваад, давуу болон сул талыг мэдрээд үнийг нь, эрэлтийг нь тогтооно. Хэрэглэгч бол зах зээлийн удирдагч шүү дээ. Яг үүн шиг миний оюуны өмч хэрэглээнд нэвтрээгүй бол үнэтэй байх ямар ч үндэс байхгүй. Монголд оюуны өмч гэдэг ойлголт үнэ цэнгүй учраас бид эрдэмтэдээ, ITинженерүүдээ гадагшаа алдаж байгаа нь харамсалтай. Тэгвэл ESAN бүрэн утгаараа ажиллаж, хэрэгжсэнээрээ Монгол хүний оюуныг дэлхийд гаргах боломжтой. Бид сэтгэлгээ, оюуны чадамж, хэл сурах арга барилаараа хаана ч гологддоггүй. Гагцхүү технологи, ажиллах зарчим, эрх зүйн тал дээр хэтэрхий хойрго байна. Бид өөрсдийгөө таниулж, оюуны өмчөө хамгаалж, өсөж дэвжихийн төлөө явахгүй байгаа нь л хамгийн том бэрхшээл, алдаа юмуу даа.

 

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэж бид олон жил ярьж байна. Гэсэн хэдий ч өөрсдөө санаачилга гаргаад ажиллаж буй хувийн байгууллагад төрийн дэмжлэг тодорхой хувиар үгүйлэгдсэн хэвээр. Зарчмын хувьд бодлогоор дэмжиж байгаа боловч цаг хугацааны хувьд удаашралтай байгаа нь хоёр талын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж хэлж болно.

 

Технологи дээр суурилсан манайх шиг компанид цаг хугацаа бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Шийдвэр хүлээж цаг хугацаа алдах хооронд эхлээд хэрэглэж байсан системийн хөгжүүлэлт хуучрах зэрэг сул тал байдаг. Тиймээс хамтын ажиллагааны үйл явцыг түргэсгэх бодлого бариасай гэж төрийн байгууллагуудаас хүсмээр байна. Уг нь төрөөс зарцуулах цаг, хөрөнгө, хүний нөөцийг хэмнэсэн шийдэл нь ESAN яалт ч үгүй мөн. 

 

ESAN ашиглахад хэр хялбар платформ бэ?

 

- Одоогийн ухаалаг утас, таблет, вэб дээр ажиллаж буй бүхий л платформтой эн тэнцүү буюу ашиглахад харьцангуй хялбар. Нэг удаа хөгжүүлэлт хийгээд орхичихдог биш. Байнгын инженерийн баг ажиллаж шинэчлэлт хийдэг гэдгээрээ давуу талтай. Мөн бусад улс орны сайн жишгийг нутагшуулах тал дээр анхааран ажилладаг. Цаашдаа ч гэсэн улам боловсронгуй болно. Дата өгөгдөл хэдий чинээ том байна, тэр хэрээрээ систем илүү хялбар болж, анализ хийх, тоо баримт хайх боломж бүрдэнэ. Илүү ухаалаг болно гэсэн үг л дээ. Харин мэдээлэл хязгаарлагдмал байвал яг тэр тойрогтоо л эргэнэ. Тиймээс оюуны бүтээл дээр ажилладаг хүн бүрийн оролцоо чухал нөлөөтэй. 

 

Сургуулийн хөгжил гэдэг нь багш, оюутны хамтын ажиллагаа байдаг. ESAN-д нэгдэж орсноор их, дээд сургуулийн нэг том төсөв хэмнэгдэнэ. Оюутан сурах явцдаа бүх төрлийн мэдээллийг бүрэн авах боломжтой. 

 

- Оюуны өмчийг ESAN-д байршуулахад ямар нэгэн шалгуур байдаг уу?

- Олон нийтийн хүсч буй хэрэгцээнд тулгуурлаад үнэлж, хэмжиж болохуйц шалгуур тавиж болно. Харин энэ шалгуур дараа жил, хоёр жилийн дараа ямар болох вэ гэдгийг гаднаас ирж буй хэрэгцээ шийднэ ээ л гэсэн үг. Хэрэв Esan-д бүтээлээ байршуулсан тохиолдолд хувь хүн өөрийнхөө бүтээлийг хянах эрхийг өгч байгаа. Мөн өмнө нь хулгайлагдаж байсан эсэхийг шалгах. Энэ нь зохиолч өөрийнхөө бүтээлийг хэн нэгэн хулгайгаар ашиглаж буй эсэхийг систем рүүгээ ороод шалгах боломжтой. Мөн өөрийнхтэйгөө ижил төстэй бүлээлүүдтэй харьцуулж, ялгаатай талыг нь харах давуу талтай. ESAN бол Монгол оюуны өмчийг зуу зуун жилээр хадгалан үлдээж байгаа маш том архив. Тийм учраас хэт өндөр шалгуур тавих боломжгүй. Харин дотор нь эрэмбэлж болно. 

 

Хэрэглэгч хаан гэдэг зарчмыг бид зөвхөн бараа, үйлчилгээн дээр хэрэглэдэг. Тэгвэл үүнийг оюуны хөдөлмөр дээр хэрэглэгч хаан гэсэн шинэ соёлыг түгээх анхны алхам бол Esan.

 

- Манай Улсад оюуны өмчийн үнэлэмжийг асуудал ямар төвшинд байсан бэ. Цаашид ямар байвал зохимжтой вэ?

- Оюуны өмчийн газар гээд улсын томоохон байгууллага бий. Энэ газарт иргэн бүр хандах боломжтой боловч мэдээлэл дутмагаас болоод ч тэр үү цөөн тооны хүн л хандсаар ирсэн. Их, дээд сургуулийн эрдэмтэд, академийн судлаачид гэх мэт хүмүүс голдуу ашигладаг. Оюуны өмчийн газраас патент авсан ч тэр нь цаасан дээр л буух жишээтэй. Харин манай байгууллагын хувьд анхны хувийн хэвшлийн оюуны өмчийн зуучлагч. Оюуны бүтээл үйлдвэрлэгчид өөрөө мэдээгүй шахуу байхад хамгаалаад, олон нийтэд түгээгээд, эдийн засгийн үр шим хүртээнэ гэсэн үг. Хиймэл оюун ухааныг ашигласан энэ салбар дэлхий дахинд хурдацтай өсч байна. 

 

 

- Таван жилийн турш тууштай хийсэн Үндэсний цахим санг олон нийт хангалттай сайн ашиглаж чадаж байна уу?

 

- Багш нарынх нь бүтээлүүд орж байгаа болохоор их, дээд сургуулийн оюутнууд идэвхтэй ашигладаг. Хоёрдугаарт унших дуртай хүмүүс өдөр тутмынхаа хэрэглээ болгож байна. Хуучин бол манай орон дэлхийд бичиг үсгээрээ гайхагддаг байлаа л даа. Нийтээрээ бичгийн боловсролтой. Харин өнөө цагт бол энэ байдал буурч, унших бичих дадал багасч байна. Тиймдээ ч Үндэсний цахим сангийн хандалт илт өндөр биш байгаа нь ажиглагддаг. Гэхдээ хандалтыг бид чухалд тооцохоосоо илүү оюуны бүтээлийн үнэ цэнийг таниулах зорилготой. 

 

- Үндэсний цахим сан ESAN-ийн алсын хараа нь юу вэ?

 

- Бид нэг дэлхийтэй. Байгалийн шавхагдах нөөцтэй. Тиймээс алсдаа харж буй зорилго бол тогтвортой хөгжлийг дэмжих. Хүн амын тоо ихсээд, ашиглаж болохуйц нөөцийн тоо багасаад. Энэ дэлхий дээр тэсч үлдэхийн тулд оюунаа ашиглах эрин үе нэгэнт ирсэн байна. Цаашлаад манай алсын хараа бол иргэн бүрийг боловсролтой болгох, мэдлэгтэй, хөрвөх чадвартай болох суурийг нь бэлдэж өгөх. Бид оюунлаг ард түмэн гэдэг ойлголтыг түгээх. Өөрийн хийсэн оюуны бүтээлийг зах зээл дээр борлуулах боломжийг илүү хялбар, уян хатан аргаар бий болгож үлдээх нь Үндэсний цахим сангийн алсын хараа юм.

 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх