image

Х.Оюун-Эрдэнэ: Эх дэлхийтэйгээ зөв харьцана гэдэг их ухаан

Энэ удаагийн  Positive talk буландаа Орхон аймгийн цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын дарга, ИТХ-ын төлөөлөгч Х.Оюун-Эрдэнийг урин ярилцлаа.

Танд өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Өдрийн мэнд хүргэе. Намайг Хишигбаярын Оюун-Эрдэнэ гэдэг. 2016 оноос Орхон аймгийн цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын дарга гэсэн  албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Танай хамт олон ямар зорилго өмнөө тавин ажиллаж байна вэ?

Орхон аймаг улсын шилдэг аймгаар гурван жил дараалан шалгарсан. Шалгуур үзүүлэлтүүдийн нэг яалт ч үгүй хотын ногоон байгууламж. Манай байгууллага 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тоосжилтгүй, цэвэр агаар, эрүүл орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллах нь бидний үндсэн зорилго.

Танай байгууллагын ерөнхий үйл ажиллагаанаас дурдвал?

Хотын ногоон байгууламжид учирсан хохирлыг тогтоох, нөхөн сэргээх, мод бут сөөгийн, тарьц, суулгац нийлүүлэх, нутагшуулах, модны хэлбэржүүлэлт, тайралт, таналт энэ чиглэлийн үйл ажиллагаанд арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, зохистой ашиглах талаар хуулийн дагуу төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт шаардлагатай мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. Жишээ, нь олон жил төмөр хуайстай байснаас татгалзах аян өрнүүлж бид гурван зуугаад мянган ширхэг шар хайс тарьсан байдаг. Түүний ургалт нь 85 хувьтай явж байна. Өмнө нь хотын төвд тарих цэцгээ Улаанбаатар хотоос тендерээр шалгаруулж авдаг байсан. Харин одоо өвлийн хүлэмжтэй болсон учир жилд дунджаар 70-100 сая төгрөгийн зардал хэмнэж өөрсдөө цэцгээ тарьдаг болсон гээд далайцтай ажлууд их бий.

Ер нь хотод ногоон байгууламж их байх тусам иргэдийн амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж байдаг юм бол?

Ногоон байгууламж ихтэй хотын иргэд сэтгэл санааны хувьд амар тайван байх, сэтгэл ханамжтай амьдрах боломжоор илүү хангагддаг.  Мод цэцэг бол тайвшралын эх булаг. Ер нь ногоон байгууламж ихтэй хотод сэтгэл гутрал, амиа хорлолт ч юм уу сэтгэл зүйн асуудлаас үүсэлтэй өвчлөл, гэмт хэрэг маш бага бүртгэгддэг. Тэгэхээр хүний бие болоод сэтгэлзүйн эрүүл мэндтэй салшгүй холбоотой.

Өнөө цагт хүмүүс хашаандаа мод цэцэг хүнсний ногоо тарих нь түгээмэл болсон. Гэрийн нөхцөлд мод, зүлэг тарихад анхаарах зүйл гэвэл?

Мод тарьж ургуулах хэд хэдэн арга бий. Ер нь модыг хавар газар гэсэж эхэлснээс  хойш мод навчлаад дуусах хүртэл хугацаанд, намар арваннэгдүгээр сар дуусахаас өмнө таривал тохиромжтой. Мөнх ногоон модыг намар тарихад илүү зохистой байдаг.  Мөн хөрс хамгийн чухал. Дээрээс нь үндсийг огт гэмтээж болохгүй. Зөв аргачлалаар мод тарьж, хамгийн гол нь тарилтын дараах арчилгааг сайтар хийх ёстой. Зүлэгжүүлэхэд ч мөн ялгаагүй. Хөрсөө маш сайн бэлтгэж өгөх хэрэгтэй. Талбайн хэмжээнээсээ хамаараад техник болон гар ажиллагаагаар хөрсийг боловсруулж, элсжүүлж,  хөнгөн бүтэцтэй болгодог. Тэгээд хар шороо нэмж, бууцаар бордож талбай засдаг. Энэ мэт аливаа ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хийхдээ анхнаас нь дуусан дуустал хариуцлагатай хандах хэрэгтэй.

Манайх Z үеийнхэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг редакц гэдгээрээ онцлог. Залуус ногоон байгууламж бий болгох тал дээр ямархуу хандлагатай санагддаг вэ?

 Идэвх, санаачилгатай санагддаг. Нийтээр мод тарих өдөрлөг явуулахад дийлэнх нь залуус байдаг. Зөвхөн олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдахдаа биш яг өөрөө бие даагаад нэг цэцэг ч болов үрслүүлдэг байх нь өнөөгийн залуусын зөв хандлагын илэрхийлэл, давуу тал гэж хардаг.  

- Нэмээд Z үеийнхэнд хандаж зөвлөгөө өгөөч?

Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийж байгаарай. Ялангуяа залуу үе маань ямар сэтгэлгээтэй, хандлагатай байхаас бидний ирээдүй ихээр шалтгаална. Тиймээс хөдөлмөрч байгаарай. Эх дэлхийтэйгээ зөв харьцана гэдэг их ухаан. Ер нь байгаль орчин, байгаа газартаа өөриймсөг хандаж байгаасай гэж хүсэж байна.

Дадлагажигч оюутан Э.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх