image

Д.Билгүүн: Шинэ хэл сурах тусам бодол санаа тэлдэг

Энэ удаагийн “Positive Talk” буландаа монголын хамгийн анхны оноо амладаг англи хэлний сургалтын төвийн IELTS-ийн багш Д.Билгүүнийг урин ярилцлаа. Гадаад хэлний мэдлэг ус агаар мэт болсон өнөө цагт англи хэл сурахын давуу тал болон IELTS-ийн шалгалтын талаар өгөөжтэй яриа өрнүүлснийг уншигч танд хүргэе.

- Танд өдрийн мэнд хүргэе. Ярилцлагын эхэнд өөрийгөө товч танилцуулахгүй юу?  

- Өдрийн мэнд хүргэе. Намайг Даваадоржийн Билгүүн гэдэг.  Монголын Англи хэлний Академийн IELTS-ийн багш. Миний үндсэн мэргэжил холбооны инженер. Мэргэжил дээшлүүлэхээр 2015 онд академидаа элсэж системтэйгээр англи хэлийг сурсан. Тэгээд эндээ багшаар ажиллаад дөрвөн жил болжээ.

- IELTS-ийн шалгалтын гол онцлог юу вэ. Ихэнх хүн TOEFL,  IELTS-ийн шалгалтын ялгааг тэр бүр мэддэггүй шүү дээ?

- Бүтцийн хувьд өөр болохоос хоёулаа ижил төвшний шалгалт. Ямар сургуульд сурахаасаа шалтгаалаад аль шалгалтыг өгөх нь хамаардаг. Гэхдээ сүүлийн үед  хөрвүүлж тооцдог болсон. Жишээ нь, хэн нэгэн хүн IELTS-ийн оноотой байгаад TOEFL-ийн оноо шаарддаг сургуульд хүсэлт гаргана гэвэл өөрийн оноог TOEFL-ийн оноо болгох боломжтой гэсэн үг. Гол онцлог нь гэвэл англи хэлийг хэрэглээ талаас нь маш сайн сайжруулж өгдөг. Их сургуулийн орчинд ч юм уу, ажлын байран дээр очоод хүнтэй харилцах, сурах, ажиллахад бэлдэж өгдөг гэж хэлж болно.

- Танай академийн сургалт анхан шатнаас эхэлж элсэлт авдаг. Хэр их хугацаанд бэлтгэж байж IELTS-ийн шалгалт өгөх боломжтой болдог вэ?

- Дүрмийн анги нь хоёр сар үргэлжилдэг. Яг IELTS-ийн анги нь хоёр сараас гурван сар гэж хэлж болно.

Өөр өөр түвшний хүмүүс байдаг учир тухайн ангиасаа хамаараад хугацаа сунадаг.  Дунджаар бүтэн цогц сургалт 5-6 сар үргэлжилдэг.  Хамгийн гол нь шалгалтад орж ирэх даалгавруудтай хэрхэн ажиллах стратеги, бүтцээ бүрэн мэдэж сурсаны дараа шалгалт өгөх хэрэгтэй.

- Ер нь IELTS шалгалт өгөхдөө анхаарах хамгийн чухал зүйл юу юм бол?

- Сэтгэл зүй үнэхээр чухал байдаг. Ялангуяа залуустаа хандаж хэлэхэд яг анги дээр ч юм уу, шалгалтад бэлдэж байх явцдаа маш сайн хийж байснаа шалгалтын үеэр сандраад хийж байснаасаа хэд дахин муу хийх тохиолдол гардаг. Тэгэхээр сэтгэл зүйгээ сайн бэлдээд сандрахгүй байхад болно доо.

- Англи хэл сурахад хамгийн өгөөжтэй арга барил гэвэл?

- Маш олон арга барил бий. Хүн бүр өөр учраас хүн бүрт тохирох нэг арга барил гэж байхгүй. Гэхдээ яалт ч үгүй байх ёстой зүйл бол үг цээжлэх. Үгийн сан их байх тусам тухайн түвшнээсээ ахихад амар байдаг. Түүний дараагаар ерөнхий дүрмийн мэдлэг цэгцтэй байх ёстой. Хамгийн өгөөжтэй арга барил гэвэл үг, ерөнхий мэдлэгээ өөрийн сонирхолтой зүйлтэй уялдуулж өгөх хэрэгтэй. Ингэж өдөр болгон өөрийгөө залхаахгүйгээр англи хэлийг давтах нь зохимжтой гэж боддог. Миний хувьд аниме, комик номонд их сонирхолтой байсан. Англи хэл дээр уншаад, үзээд, мэдэхгүй үг байсан ч дүрсийг нь хараад ойлгоод явдаг байсан. Ингэж маш хурдан сайжирсан. Өдөр болгон тууштай, дуртай зүйлтэйгээ холбоод хийх үр дүнтэй. Мэдээж үндсэн хичээл болон даалгавар, чөлөөт цаг гарвал дуртай бүх зүйлээ англи хэл дээр хийнэ гэсэн үг. Ингэхэд манай сургалтад хамрагдагсдын дийлэнх нь ахлах ангийн хүүхдүүд болон оюутан залуус байдаг.

- Манайх монголын анхны Z үеийнхэнд чиглэсэн редакц гэдгээрээ онцлогтой. Тэгвэл  Z үеийнхэн таны нүдээр?

- Ер нь ажиглаад харахад яг Z үеийнхэн өмнөө тавьсан тодорхой том зорилготой юм шиг санагддаг. Бүх юм нь тодорхой. Жишээ нь, би Америк руу, тэр сургуульд тийм мэргэжлээр сурах гэж байгаа гэдэг ч юм уу. Хүн асуухад шууд хариулж чаддаг. Миний үед ямартай ч гадагшаа явна даа гэдэг зорилго байлаа. Гэтэл одоо бүх юм нь нээлттэй болчихсон учраас зорилго нь хүртэл үнэхээр тодорхой. Тийм учраас идэвхтэй сайн сурдаг.  Түвшин нь ч гэсэн интернэттэй үед, англи хэл бас ч гэж хэрэглээнд нэвтэрсэн үед өсчихсөн болохоор маш хурдан сайжирч чаддаг. Гэхдээ бага зэрэг залхуу байж магадгүй.

- Нэмээд манай Z үеийнхэнд хандаж зөвлөгөө өгөөч?

- Хэл сурах тал дээр нэгдүгээрт дээр дурьдсан шиг зорилгоо тодорхойлсон байх хэрэгтэй. IELTS-ийн хичээл хүнд шүү дээ. Багшилж байгаад харахаар зорилго тодорхойгүй хүн  шантрах хандлагатай байдаг. Мэдээж хүн бүр өөр өөр шалтгаанаар сурч байгаа. Зарим нь яриад сурчихъя, ямартай ч суурьтай болчихъё ч гэдэг юм уу. Ер нь IELTS, TOEFL өгөх хэмжээнд болтлоо сурах хэрэгтэй. Тэгэх юм бол аль ч салбарт ямар ч мэргэжлээр очсон өөрөө бие даагаад  ажиллах олон давуу талтай. Дуртай бүх зүйлээ англи хэл дээр хийж болж байна. Бие даалт дээрээ гацлаа гэхэд тухайн сэдвийн хүрээнд англиар бэлтгэсэн бэлэн хичээл олон бий. Гадаад эх сурвалжуудаас хэрэгтэй мэдээллээ хүлээж авч болно. Бүр мөнгөгүй, тогтвортой ажилгүй боллоо гэхэд орчуулга хийж болж байна. Эдгээр нь хамгийн наад захын давуу тал шүү дээ. Хамгийн гоё, хамгийн том давуу тал гэвэл хэл сурч байгаа хүний бодож сэтгэх, ярих, биеэ авч явах нь хүртэл өөрчлөгддөг. Шинэ хэл сурах тусам бодол санаа тэлдэг. Ойлгоогүй мэдээгүй олон сайхан зүйлсийг таниулж өгдөг учир боломж л олдвол хэл сураарай гэж зөвлөе.

Дадлагажигч оюутан Э.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх