image

2MOOD | Нэг өндгөн эсийн болон хоёр өндгөн эсийн ихрүүдийн тухай

Усны дусал мэт ижилхэн төрсөн, бие биендээ амь болсон ихрүүдийг харахаар цаанаа л нэг өхөөрдөм санагддаг уу. Гэхдээ энэ хувь тохиолыг олж төрнө гэдэг гайхалтай хэрнээ ховорхон аз завшаан юм. Ихрүүд нэг өндгөн эсээс эсвэл өөр өөр өндгөн эсээс үүсэж болдог.

Нэг өндгөн эсийн (монозиготийн) ихрүүд хоорондоо хүйс, царай зүсээрээ ижилхэн төрдөг бол хоёр өндгөн эсийн (дизиготийн) ихрүүд өөр хүйсний, өөр өөр төрхтэй байх боломжтой.

Эмэгтэй хүнээс байгалийн жамаараа сар бүр нэг өндгөн эс боловсорч, эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтдог. Харин зарим тохиолдолд нэг биш хоёр өндгөн эс боловсорч тус бүрдээ үр тогтож, эхийн умайд бэхлэгдэж чадсанаар хоёр өндгөн эсийн ихрүүд үүсдэг.

Харин нэг өндгөн эсэд нэг эр бэлгийн эс нэвтэрч, үр тогтож, үр хөврөл болсны дараа үр хөврөлийн хөгжлийн эхний хоногуудад зиготын хуваагдал үүссэнээр (zygote splitting – зиготийн хуваагдал) нэг өндгөн эсийн ихрүүд бий болдог.

Нэг өндгөн эсийн ихрүүд 250 төрөлт тутамд нэг тохиолдох боломжтой бөгөөд нийт ихэр төрөлтийн 30 хувь, харин хоёр өндгөн эсийн ихрүүд 70 хувь эзэлдэг байна. Үүнээс гадна ихэр хүүхэд төрөхөд эцэг эхийн ген, удамшил ихээхэн нөлөөлдөг байна.

How common are twins? - BabyCenter AustraliaҮр шилжүүлэн суулгах зарим эмнэлгүүд нэгээс олон үр хөврөлийг эхийн умайд шилжүүлэн суулгадаг бөгөөд үүнтэй холбоотойгоор хоёр буюу түүнээс дээш ихэр жирэмслэлт (multiple pregnancy) ихээхэн тохиолдох болсон. Ихэр жирэмслэлт нь эхэд жирэмсний хожуу үеийн хордлого илрэх, ураг өсөлтгүй болох, эрхтэн тогтолцооны ямар нэгэн эмгэгтэй хүүхэд төрөх зэрэг маш олон эрсдэлийг дагуулж байдаг. Харин 2008 онд Япон улсын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгээс сонгомол нэг үр хөврөлийг шилжүүлэн суулгах (Single Embryo Transfer - SET) зөвлөмж гарснаар 2015 он гэхэд нэг үр хөврөл шилжүүлэн суулгалт 80 хувь болж өсөж, эсрэгээрээ ихэр жирэмслэлт 3.2 хувь болж буурчээ.

Япон улсад 2007-2014 оны хооронд Үр Шилжүүлэн Суулгах эмчилгээнд хамрагдаж, нэг үр хөврөл шилжүүлэн суулгалт хийлгүүлсэн хүмүүсийн дунд судалгаа хийж үзэхэд, хөлдөөгөөгүй болон хөлдөөж гэсгээсэн үр хөврөлийг шилжүүлэн суулгаж жирэмсэлсэн нийт 277000 (29.5 хувь) тохиолдлын 4310 ихэр (жирэмслэлтийн 1.56 хувь), 109 гурван ихэр (0.04 хувь) хүүхэд төржээ. Уг судалгааны дүгнэлтээр ҮШС эмчилгээний үр дүнд нэг өндгөн эсийн ихэр хүүхэд төрөх магадлал 1.36 хувь гэжээ. 

Эх сурвалж: RMC эмнэлэг

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх