image

ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОХ, ТАНИН МЭДЭХИЙН ТУХАЙД

Бид өдөр бүр олон хүнтэй харилцаж, нийгмийн харилцаанд орж байдаг болохоор өөрийнхөө болон өрөөл бусдын сэтгэл мэдрэмжийг мэдэх чадвар шаардагддаг. Ингэснээр өөрийнхөө сэтгэлийг жолоодохын зэрэгцээ бусдын сэтгэл мэдрэмжийг ойлгож харилцах нь өнөөгийн хүмүүсийн харилцаанд чухал чадварын нэг болж байна.

Өмнө нь IQ өндөртэй байх нь сайн сайхан амьдралд хүргэдэг гэж боддог  байсан ч бусадтай харилцах тал дээр хэчнээн сайн IQ-тай байсан ч өрөөсгөл шинжтэй учраас EQ чадамжийг илүү сонирхон судалсаар байна.  

EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжийг дараах таван бүрэлдэхүүн хэсэгт хуваан авч үздэг.

  1. Өөрийгөө ойлгох, танин мэдэх /Self-awareness/
  2. Өөрийгөө удирдах /Self-management/
  3. Өөрийгөө идэвхжүүлэх /Self-motivation/
  4. Бусдыг ойлгох /Empathy/
  5. Бусадтай харилцах чадвар /Social skills/

Тэгвэл өнөөдөр бид эдгээр таван бүрэлдэхүүн хэсгийн суурь буюу "Өөрийгөө ойлгох, танин мэдэх"-н талаар тайлбарлах болно. Өөрийгөө ойлгох, танин мэдэх гэж юу вэ. Энгийнээр тайлбарлавал: 

ӨӨРИЙН ЗАН АВИР, МЭДРЭМЖЭЭ ОЙЛГОЖ, ТАНЬЖ МЭДЭХ

(Хүн өөрийн давуу ба сул тал, зан чанар, мэдрэмж, дуртай дургүй зүйл, сонирхол... зэргээ мэддэг болох, давуу талаа ашиглан амжилт олох, нөгөө талаар сул талаар хөгжүүлэхэд анхаарах)


ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОЖ, ТАНИН МЭДСЭН ХҮН ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАДАГ

Хэрвээ та ямар нэгэн зүйл хийе гэж бодсон ч тухайн хийх гэж байгаа зүйлийнхээ тухай мэдэхгүй бол бэрхшээлтэй тулгарна. Тиймээс өөрийнхөө төлөө ямар нэг зүйлийг хийе гэвэл өөрийгөө танин мэдэж ойлгох хэрэгтэй болох нь .  

Бидний амьдарч буй ертөнц янз бүрийн л хүмүүсээс бүрддэг. Зарим нь “Би юу ч хийсэн бусдад хамаагүй” гэж боддог байж магадгүй юм. Гэхдээ хэн нэгэн ногоон гэрэл хүлээлгүй, улаан гэрэл ассаар байтал зам хөндлөн гарвал олон машин явж чадахгүй зогсож, түржрэл үүсэх, магадгүй бүр осол ч гарч мэднэ. Тэгэхээр нэгхэн хүний бодлогогүй үйлдэл олон хүнд нөлөөлж болох тухай өдөр тутамд тохиолддог энэхүү энгийн жишээнээс харж болохоор байна.

Бид бүгд зүрх сэтгэлдээ өөр ертөнцийг бүтээж, тэндээ хүссэнээрээ байж болох ч бодит ертөнцөд ганцаархнаа амьдраагүй болохоор нийгмийн хэм хэмжээ гэх зүйлийг баримтлах хэрэг гардаг. Тиймээс “Би яаж хүссэнээрээ байсан ч бусдад төвөг удалгүй байх вэ?” гэдгээс бодох хэрэгтэй.  

Жишээгээр тайлбарлах нь:  

1. Томчуудын хувьд:

"Би заримдаа их уурладаг л даа. Уурласан даруйдаа бусадтай дуугарахаа больж, дуугаа хураадаг. Яагаад уурласнаа тэр болгон тайлбарладаггүй болохоор бусад хүмүүс уурласан шалтгааныг маань мэддэггүй."

  Энэ үед би дотроо:

1. Миний л зөв, нөгөө хүний буруу гээд уурлах /нөгөө хүнээс бурууг хайх/

2. Би яагаад бусдын санаа бодлыг асууж мэдэлгүйгээр, шууд уурласан юм бол оо? гэж өөрөөсөө асууж, бодох /эргэцүүлэх/

3. Эргэн тойрныхондоо нөгөө хүнээ буруутган хэлж, өөрийн зөв гэж харуулах /нэг ёсондоо өөрийгөө зөвтгөх/  

4.Эдгээрийн аль нь өөрийгөө танин мэдэж, ойлгох гэж хичээж байна вэ?

5.Өөрийнхөө юуг мэдвэл бусад хүмүүстэй илүү сайн харилцаж чадах вэ?

Хэрэв өөрийгөө анзаарч харалгүйгээр зөвхөн бусад хүмүүсийг л буруутгаж байгаа бол одоо байгаагаасаа дээшлэхгүй, яг тэндээ л зогсох болно. Харин урагшлах нэг арга бол өөрийгөө ойлгож, танин мэдэх юм. Тухайн болсон үйл явдлыг эргэцүүлэн бодож, дараагийн удаа алдаагаа залруулах оролдлого хийх нь өөрийгөө ойлгосны давуу тал юм. 

2) Хүүхдээ өөрийгөө ойлгож, танин мэддэг болгохын тулд бид юу хийх вэ?

Хүүхдээ өөрийгөө танин мэддэг, ойлгодог нэгэн болгохын тулд хоорондын харилцан итгэлцэл юу юунаас чухал. Хүүхэд тань дандаа л зөрүүдлэн уурлаж, та ч үргэлж “болохгүй, болохгүй” гээд хориод байвал таны хүүхэд өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй төдийгүй үргэлж өөрийгөө үгүйсгэж, буруутгах болно. Тиймээс хэдхэн сартайгаас эхлэн хүүхдээ хүлээн зөвшөөрөх замаар нэг нэгэндээ харилцан итгэлцэлтэй байх хэрэгтэй.

Нэг наснаас хойш хүүхдийн “үгүй үгүй” гэж хэлэх үе эхэлдэг. Дургүй болохоор “үгүй” гэж хэлэх нь бий. Гэхдээ энэ насны хүүхэд өөрөө тухайн зүйлээ мэдэрч, ойлгож чадаж байгаа хэдий ч үгээр илэрхийлэх чадахгүй тул “үгүй, үгүй” гэж хэлэх нь ч бий.

Гурав орчим настай болоод хүний яриаг сайн ойлгож, өөрөө илэрхийлэх нь арай дээрдэх ч гэсэн үл ойлголцох зүйл олон гарч ирдэг. Ийм тохиолдолд аливаа зүйлийг хүүхдэдээ тайлбарлаж өгч, хүүхдийнхээ ойлгох үг хэлээр ярих хэрэгтэй.

Дөрвөн наснаас хүүхэд мэдрэмжээ үгээр илэрхийлэх чадвартай болно. “Яагаад” гэж асуулт тавьж, “тэгмээр байна”, “ингэмээр байна” гэх мэтээр өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж эхэлдэг болно.

Үүнээс дүгнэхэд:

А. Томчууд ч өөрчлөгдөх хэрэгтэй /Өөрийгөө хянах/

Хүүхэд байгалиасаа хөгжиж, өөрчлөгдөж байгаа ч том хүн ч гэсэн тогтсон зан араншин, оюун бодол, сэтгэл санаагаа өөрчилж, өөрийгөө илүү ойлгож, танин мэдэх боломжтой юм. Учир нь сэтгэл хөдлөлийн чадвар нь хүүхэд гэлтгүй томчууд ч насан туршид өөрчилж болдгоороо онцлогтой. Өөрийгөө ойлгож, танин мэдэх нь тийм ч амар зүйл биш ч хүүхдүүд бидний зан араншин байгаа байдлыг тодорхой харуулж өгдөг.  Хүүхэд бол бидний толь юм. Тиймээс хүүхдийнхээ гаргаж байгаа зан араншинг хараад өөрийгөө ойлгож, танин мэдээд өөрчилж болно. Гэхдээ ингэж өөрчлөгдөх нь маш их хичээл зүтгэл шаардагдах учир нэг өдөр өөрчлөгдье гэж бодоод бүтчих зүйл биш учир та хүүхдийнхээ болон өөрийнхөө ирээдүйг бодон аль болох хичээх хэрэгтэй юм.

Б. Хүүхдийн санааг үг болгож өгөх

Жишээлбэл, нөгөө өрөөнд хүүхэд уйллаа гэж бодъё. Ээж нь очоод “Юу болсон бэ?” гэж асуувал хүүхэд төдийлөн бүрэн тайлбарлаж чадахгүй, уйлсаар л... Иймд “Миний охин/хүү гараа цохичихсон юм уу, Гараа хаалганд хавчуулсан уу гээд ярилцвал хүүхэд өөрт таарч байгаа хариултаа сонгоно. Ингэж хүүхдийн өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа зүйлийг нь үг болгож өгвөл цаашдаа ярьж, өөрийгөө илэрхийлж сурахад тустай.

В. Хүүхэдтэйгээ итгэлцлийн харилцаатай байх

Аав, ээж нь хүүхдээ сонсдог, анзаардаг, итгэдэг байх. Томчуудын зүгээс ийм харилцааг үүсгэвэл хүүхэд нээлттэй байж, аав ээж намайг сонсдог хэмээн өөртөө итгэлтэй болж ярилцдаг, хэлдэг болно. Эсрэгээрээ аав ээж нь загнадаг, “цаашаа цаашаа” гэж үл хайхардаг бол хүүхэд аажимдаа итгэлгүй болж ярихаа болин идэвхгүй болдог. Иймд хүүхдэд өөрийгөө илэрхийлэх боломжийг гаргаж өгч байгаарай.

1 Сэтгэгдэл:

  1. <a href="https://seroquel4all.top">generic seroquel</a>

Сэтгэгдэл илгээх