image

Жирэмсэн үед стрессээс сэргийлэх ЗУРГААН АРГА ЗАМ

Жирэмсний үед стресст өртөх нь илүү нэмэгддэг. Төрөх гэж буй ээж та болон төрөх үрийнхээ эрүүл мэндийн төлөө хэрхэн стрессээс ангижрах тухай "Урүүл Удам" номд бичсэнийг хуваалцъя.

Эерэг хандлагатай найз нөхөд, найрсаг харилцаагаар хүрээлүүл

Таны найз нөхөд өөрт чинь сайн байгааг хэрхэн мэдэх вэ? Та хэн нэгэнтэй цуг байхад танд өөдрөг үзэл, сэтгэл хангалуун байдал ажиглагддаг бол тэр хүн танд баяр баясгалан авч ирдэг гэсэн үг.

Харамсалтай нь амьдралд сөрөг хандлагатай хүмүүс цөөнгүй тохиолддог. Хэрэв танд таагүй санагддаг хэн нэгэн хүн байдаг бол жирэмсний хугацаанд уулзахаас зайлсхийгээрэй. Энэ нь хэн нэгнийг буруутгах бус, өөрийгөө таагүй сэтгэл хөдлөлөөс хамгаалахад тустай.

Завсарлага авч байх

Сэтгэл санаа тогтворгүй, бухимдах, ядрах шинж ажиглагдвал хийж байгаа зүйлээ түр орхиж завсарлах хэрэгтэй. Хэдэн хором бясалгах, сэтгүүл унших, салхинд гарах, найз нөхөдтэйгээ ярих эсвэл өөрт хэрэгтэй ямар нэг юманд явж болно. Жирэмсний массаж нь биеийн чилээг гаргаж амрахад дэмжлэг болохыг эрэгцүүлээрэй.

Хүсээгүй харилцаанд бэлтгэлтэй бай

Хэн нэгэн таны хэвлийд хүрч хэмжээний талаар сэтгэгдлээ хэлвэл яах вэ? Эвсэл биеийн өөрчлөлт, хувцасны талаар ч юм уу? Ийм нөхцөлд тухайн хүний үгийг хүчтэй тусгаж авалгүй, сэтгэлийн бэлтгэлтэй байж тэдэнд тохирсон ухаалаг хариу өгөх нь зүйтэй.

Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн нь жирэмсэн үеийн эрүүл мэнд болон сэтгэл санаа өөдрөг байх нөхцлийг бүрдүүлдэг. Явган алхах, усанд сэлэх, жирэмсний иог зэргээс сонголтоо хийгээрэй. Хэрэв эмч таныг дасгал, хөдөлгөөн хязгаарлахыг зөвлөсөн бол дуртай дуугаа сонсох зэрэг өөрт таалагддаг зүйлээ хийж болно.

Гүнзгий амьсгал авах

Хэрэв танд түгшүүртэй, сэтгэл таагүй байдал ажиглагдвал амьсгалаа түгжсэн байж магадгүй. Ихэнх хүмүүс өвдөлт болон стрессийн үед амьсгалаа удаашруулж заримдаа түгждэг. Энэ үед зүрхийн цохилт олширч, ходоод агшиж, булчин хөшин таагүй байдлыг улам гүнзгийрүүлдэг.

Гүнзгий амьсгалах нь энэ үед ач тустай. Хэвлийгээ тэлж амьсгал гүйцэд авна. Аажим амьсгалаа гаргахдаа хэвлийгээ болон биеэ гүйцэд суллаарай. Өөрийн амьсгалаа хянаж сурах нь сэтгэл санаа, бодлоо удирдахад тусладаг болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь төрөлтийн өвдөлтийн үед ч ач холбогдолтой юм.

Жирэмсэн үеийн болон төрөлтийн талаар мэдлэгтэй болох

Мэдэхгүй зүйл болгон хүнд өөртөө итгэлгүй, сэтгэл түгшээсэн байдал үүсгэдэг. Жирэмсний явц, гарч болох таагүй шинж, зовиур, эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх мэдлэгтэй болох нь таныг өөртөө итгэлтэй болгохын зэрэгцээ өөрийн болон, бяцхан үрийнхээ эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх