image

“Технологийн эрин үед сумдын сургууль, дотуур байр модон жорлонтой байгаа нь харамсалтай”

Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийн орон нутгийн зохицуулагч Н.Шижиртуяатай ярилцлаа.

- Та өөрийнхөө тухай дэлгэрэнгүй танилцуулаач. Тэр тусмаа эзэмшсэн боловсролынхоо тухай?

- Би нийгмийн сэтгэл зүй, хөгжил судлаач мэргэжилтэй. Анх 16 настайдаа АНУ-ын Лас Вегас хот руу оюутан солилцооны хөтөлбөрөөр явж байлаа. Тэр цагаас эхлэн олон улсын төвшний мэдлэг боловсрол эзэмших, хэл сурах ямар чухал вэ гэдгийг мэдэрч тасралтгүй сурч, хөгжиж, хөдөлмөрлөж явна. Америкт ахлах сургуулиа төгссөний дараа Лас Вегас хотын “Community” коллежид сэтгэл судлалын мэргэжлээр хоёр жил сурсан. Түүний дараагаар Монголдоо ирээд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний багш, орчуулагч мэргэжлийг эзэмшсэн. 2005-2007 онд буюу 24 настай байхдаа Удирдлагын академид сурч нийгмийн ухааны магистрын зэргээ хамгаалсан. Мэдээж сурах явцдаа олон төрлийн ажил хийж, туршлага хуримтлуулсан. 2014-2016 онд Австралийн Засгийн газрын тэтгэлгээр Мельбурнийн их сургуульд Жендер болон хөгжлийн удирдлагаар хоёр дахь магистраа хамгаалж байлаа. Энэ бүхний суурь бол англи хэл. Хэл сурах нь хүнд олон талын давуу талыг авчирдаг. Би гурван хүүхдийн ээж, мөн бусдын адил завгүй гэрийн эзэгтэй. Хүн алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлж, олон талын чадварыг эзэмших ёстой гэсэн итгэл үнэмшлээр бүх зүйлийг зэрэг амжуулахыг хичээдэг.

- Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмшээд өөрийн аймагтаа ирж ажиллаж байгаа тань сайшаалтай санагдлаа. Ихэнх залуус төв газар бараадаж, тэндээ карьераа эхлүүлэх амбицтай шүү дээ?

- Миний аав, ээж хоёул Өмнөговь аймгийн уугуул хүмүүс. Миний ээж Цогтцэций, аав минь Манлай сумынх. Энэ нутагт төрж өссөн, хүүхэд насаа өнгөрүүлсэн болохоор нэг тийм дотно бас тухтай байдаг. Хүүхэд байхад хоёр талын эмээ, өвөө минь гавъяаны амралтандаа гараад Даланзадгад хотод амьдардаг байлаа. Зуны амралтаараа эмээ, өвөө дээрээ ирж Гурван сайхан уулын энгэрт мал малладаг. Ээж маань арван хүүхэдтэй айлын дундах нь. Үеэлүүд нийлээд зун уулзахад 30 орчим хүүхэд цуглана. Өөр орчинд өссөн 10 айлын хүүхдүүд дунд нэгэндээ гомдож тунихаас эхлээд үл ойлголцох олон асуудал гарна. Хоёр сар орчим хамт байхад янз бүрийн зүйлүүдтэй тулгарна. Энэ харилцааны динамик намайг нийгмийн сэтгэл зүй гэх судлагдахуун руу төвлөхөрөд нөлөөлсөн болов уу гэж боддог. Учир нь, бидний амьдарч буй нийгэм олон өнгөөр солонгорч байдаг. Энэ олон өнгөөс өөрийгөө, өөрийнхөө өнгийг олно гэдэг амаргүй. Чи өөрийнхөө ямар өнгөтэйг, ямар зорилготой энэ дэлхийд илгээгдэж ирсэн бэ гэдгийг олох нь хамгийн чухал. Энэ дуудлагаар аймагтаа зорьж ирээд ажиллаж байна. Өмнөговь бол миний өвгөдийн өлгий нутаг. Нөгөө талаараа дэлхийд гайхагдахаар өгөгдөлтэй, онцгой энергитэй газар. Хэрэв би өнөөдөр үнэхээр л дэлхийн төвшний боловсрол эзэмшээд, тодорхой хэмжээнд өөрийгөө сойж, чадах бүхнээ зориулъя гэж бодож байгаа бол яагаад өлгий нутгаасаа эхэлж болохгүй гэж ...

- Яг одоо та энэ аймагт ямар ажил гүйцэтгэж байна вэ?

- НҮБ-ын Хүн амын сангийн харилцааны ажилтан. Мөн 2018 оноос хойш хэрэгжиж байгаа Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийн орон нутгийн зохицуулагчаар ажиллаж байна.

- Таны харж буйгаар Өмнөговь аймгийн хамгийн ихээр санаа зовоож байгаа тал аль нь вэ?

- Ус. Хүн усгүйгээр хэзээ ч амьдрахгүй. Манай аймагт зовлон их байна. Ялангуяа уул уурхайн үйл ажиллагаа дагасан, нийгэм болон эдийн засгийн, мөнгө болон эрх мэдэл дагасан олон асуудал бий. Энэ бүхнээс үүдэн гарч буй гол асуудал нь ус, цөлжилт. Хүн эд баялагийг шүтэхээс илүү энэ биеэ эрүүл байлгах ёстой юм шиг. Бие эрүүл байсан цагт өөрийн боловсрол, чадвараа хүртээмжтэйгээр түгээж, зорьсондоо хүрэх боломжтой. Бие эрүүл биш бол бид ямар ч үйлдэл хийж, шийдэл хайх боломжгүй. Тэгэхээр эрүүл байхын тулд эрүүл хэрэглээ. Тэр дундаа цэвэр усны асуудал хөндөгдөнө. Говь нутаг усны нөөцгүйгээр цааш хөгжиж, өргөжин дэвжих боломжгүй болно. Тиймээс энэ нутгийн хүмүүсийн санааг чилээдэг цөм асуудал бол ус. Эрүүл хүн эрүүлээр сэтгэдэг. Үүний үндэс нь ус гэдгийг говийнхон маш сайн ойлгодог болсон байна.

- Таны амьдарч буй аймагт эмэгтэйчүүдийн эрх ашиг хэр хөндөгддөг бол?

- Охид эмэгтэйчүүдийн асуудлыг хөндвөл зөвхөн Өмнөговь аймаг гэлтгүй дэлхий нийтээр анхаарал хандуулах дайны том сэдэв. Сүүлийн 30 орчим жил жендерийн тухай асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Манай аймгийн хувьд иргэд нь уул уурхай дагасан, ростерын буюу уртын ээлжээр хөдөлмөр эрхэлж амьдардаг болохоор гэр бүлийн зохистой, хариуцлагатай харилцаа гэж зүйл бүрэн хангагддаггүй. Аав нь уурхай руу явж тогтвортой орлоготой болох гээд явчихдаг. Гэтэл ээж нь гэртээ ар гэрээ хариуцаж үлдээд, хүүхдийн боловсролоос эхлээд амьдралд хэрэгтэй бүхий л зүйлийг авч явдаг байж болохгүй шүү дээ. Гэр бүлийн харилцаа гэдэг бол харилцан хариуцлага хүлээх, оролцох, хамтдаа шийдэх процесс. Тийм учраас Өмнөговь аймгийн эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал гэвэл гэр бүлийн харилцааны тал дээр илүү эмзэг, төвөгтэй байна гэж хардаг.

- Орон нутгийн залуус хотод дээд сургууль төгсөөд, тэндээ үлдчихдэг тал бүхий л аймагт ажиглагддаг. Өмнөговь аймгийн хувьд шинэ боловсон хүчин хэр сэлгэгддэг бол?

- Өмнөговь аймаг эдийн засгийн төвлөрсөн бүс нутаг учраас залуус өөрөө сэтгэж, хичээж, санаачилж чадвал хөгжих, өсөн дэвжих боломж маш их. Тиймдээ ч бусад аймгийн бодвол харьцангуй залуу боловсон хүчин ихтэй. Би ч гэсэн тэдний мөн адил аймагтаа ирээд ажиллаж байна. Тууштай хөдөлмөрлөж чадвал хэнийг ч сэтгэл хангалуун амьдрал руу хөтлөх том өгөгдлүүд манай аймагт бий. Үүнийг залуус олж хараасай гэж хүсдэг. Миний найз Ч.Батцэцэг санаачлан “Хөдөө амьдаръя” гээд хөдөлгөөн байдаг. Үүнээс олон залуус орон нутагт шилжин суурьшиж амьдаръя гэсэн санаа авсан гэж боддог. Аль ч аймаг, бүс нутагтч очсон бай, бүр цаашлаад дэлхийн бөмбөрцгийн хаана ч амьдарсан бай чи өөрөө л өөрийгөө ямар явахыг шийднэ. Чиний хэрэглээ ямар байх вэ. Хэрэв мянган доллар байвал чи мянган доллар олон ажил хийнэ. Зуу байвал зууг олох ажил хийнэ. Чи өөрөө хаана байвал тухтай байна вэ, хүссэн орчин нөхцөлдөө сэтгэл хангалуун байж чадах эсэх нь хувь хүнээс л шалтгаалдаг. Сонголт бидний гарт байна.

- Эмэгтэйчүүдийн манлайлал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгэмд эзлэх байр суурь гээд л ихээр ярьдаг болж. Энэ тал дээр таны бодол?

- Ажил хүнийг төлөвшүүлдэг. Би залууст ямар ч ажлыг битгий голоорой гэж хэлэхийг хүсдэг. Хүн рэсэпшн хийгээд үүдэнд зогсож байхдаа хүртэл хүнтэй харилцаж сурдаг. Би 16 настайдаа ажил хийж эхэлсэн юм. Айл, буудал цэвэрлэхээс эхлээд хийгээгүй юм гэж байхгүй. Энэ бүхнээс хүн олон зүйл сурдаг. Тиймээс эмэгтэйчүүд идэвхтэй ажил хийж, өөрийгөө мэдлэгээр цэнэглэн, бусдад гологдохооргүй туршлагатай болоосой. Эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээл дээр ялгаварлан гадуурхалтад ихээр өртдөг. Хүссэн хүсээгүй бид биологийн шинжээрээ хүүхэд тээж төрүүлнэ. Жирэмсэн байхдаа, гэртээ хүүхдээ асрахдаа гээд бидний эрчүүдтэй өрсөлдөж чадахгүй байх шалтгаан болон цаг хугацаа их. Тийм болохоор энэ биологийн онцлог, өгөгдлийг маань шийдвэр гаргах төвшний эрчүүд ойлгох хэрэгтэй гэж боддог. Тэгж байж бид өнөөдрийн нийгэмд жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай ярих боломжтой болно. Манайхан жендер гэхээр зөвхөн охид, эмэгтэйчүүдэд хамаатай асуудал мэт ойлгодог. Гэтэл жендер гэдэг нь бүх хүйсийн тэнцвэртэй байдлын тухай ойлголт.

Нэг жишээ хэлмээр санагдлаа. Сүүлийн үед сумдын сургууль, дотуур байрны ноолийн асуудал ихээр яригдаж байна. Бид 21 дүгээр зуунд, дэвшилтэт технологи ашиглаж, цахим үндэстэн болно гэх том амбицтай байгаа хэрнээ ирээдүй болсон хүүхдүүд нь нөгөө л нэг модон жорлондоо физилогийн асуудлаа шийдэж байна. Энэ маш харамсалтай.  

- Манай вэбсайт Generation Z үеийнхийг оюуны дархлаатай, хүний эрхийн мэдрэмжтэй байгаасай гэсэн зорилт тавин ажилладаг. Энэ үеийн залууст хандаж найрсаг зөвлөгөө өгөөч?

- Ярих юм бол нийгэмд болж бүтэхгүй асуудал олон бий. Гэхдээ энэ бүхнийг зүхээд, эсвэл хэн нэгэн ганцхан үг хэлээд нэгэн зэрэг шийдэх боломжгүй. Товчхондоо, иргэн бүр хайр түгээх хэрэгтэй байна. Тэр тусмаа шинэ үеийн залуус хайрын тухай зузаан мэдлэгтэй, өндөр соёлтой байгаасай. Нэгнээ, дэргэдэхээ, гэр бүлээ, хамт олноо хайрлах нь биднийг хүн гэж ялгаруулах хамгийн чухал шинж болчихлоо. Өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн бусдыг хайрлаж мэдэхгүй. Нэгэндээ хүндэтгэлтэй, ээлтэй хандаарай гэж хэлье. Миний хийж байгаа зүйл, амнаас гарч байгаа үг бусдад яаж нөлөөлж байна гэж бодоод эхэлбэл асуултын хариу, асуудлын шийдэл тодорхой болно. 

М.Баасандэлгэр

 

2 Сэтгэгдэл:

  1. Amjilt Shijiree

  2. Amjilt Shijiree

Сэтгэгдэл илгээх