image

CRYPTOTUUKH | Дуутай хуруу буюу дэмбээ таалцах тоглоом

Монголчууд 13 дугаар зууны үед гүүний айргийг дэлгэрүүлж, түгээмэл хэрэглэх болсон. Айраг цагааг хэрэглэх нь эртнээс нааш монгол угсаатны дунд өв уламжлан хадгалж ирсэн билээ. Айраг нь малын сүүнээс гаргаж авдаг, гашуувтар исгэлэн амттай, цагаан өнгөтэй уух зүйл юм. Гүүний сүү нь бусад малын сүүнээс чихрийг (лактоза) хамгийн ихээр (7.8 хувь) агуулдаг тул амархан исэж олон төрлийн хүчил, аминдэм, биологийн идэвхт бодис болон хувирдаг ба уушгины сүрьеэ өвчнийг анагааж, цацрагийн хорыг тайлна. Монголчууд голдуу гүүний сүүгээр айргийг исгэдэг ч баруун монголчууд гүүний сүүнээс гадна үнээний сүүгээр мөн айраг исгэж уух нь бий. Монгол адууны сүүнээс гаргаж авах айраг хэмээх энэхүү ундаа нь дэлхийд ховор эм болохыг дэлхийн шинжлэх ухаан хэдийнээ нотолжээ.

Дэмбээг зун цагт цэгээ дэлгэрсэн үед малчин ардууд хонь малаа хотлуулсны дараа нааддаг тоглоом юм. Дэмбээ нь богино аялгуутай, шүлгийн хувьд, тоглогчоос эхлээд нэг мөр аялгуулан шууд зохиомжлон хэлдэг. Дүрэм нь өөр ч гэсэн Хятад улсад хүртэл үүнтэй ижил аялгуулан дуулдаг тоглоом байдаг ажээ. Монгол дэмбээд, хожигдсон өрсөлдөгч нь тодорхой хэмжээний айргийг уудаг. Нутаг нутгийн онцлогоор “Дэмбээ манан хө”, “Дэмбээ мэдэх үү хө”, “Дэмбээ вандан даа” хэмээн дуудан эхэлдэг. Жишээлбэл, “Дэмбээ мэдэх үү хө” хэмээн эхлэх аймаг бол Хуучнаар Дайчин вангийн хошуу, одоогийн Баянхонгор юм. Энэ аймгийн Баян-Овоо, Эрдэнэцогт, Галуут сумд соёлын хосгүй өв болох дуутай хуруу өвлөгдөн үлдсэн бөгөөд одоог хүртэл зуны дэлгэр сайхан цагт наадан тоглодог. Дэмбээ хэмээх дуут тоглоомоор хүүхэд багачууд, настан буурлууд, эмэгтэй, эрэгтэй бүх насны хүмүүс нааддаг онцлогтой.

“Айраг уухдаа их хул хулаар уух уу, дундын хулаар /дундынх, их гарынх, бага гарын/  уух уу гэдгээ хоорондоо тохиролцон хулаа айргаар дүүргэж бэлдэх бөгөөд  өрсөлдөөнд  хожигдсон айргийг дуустал нь уудаг. Хөдөөний айлын дөрвөөс таван настай хүүхдүүд хүртэл дэмбээдэж сурсан байдаг нь хүүхдүүдийн авхаалж самбаа, тоо тоолох чадварыг багаас нь хөгжүүлдэг. Дэмбээнд нэг тоогоор аялахыг нэг давхар ая, хоёр тоо угсруулан дуудахыг хоёр давхар ая гэнэ. Харин гурван тоог угсруулан хэлэхдээ гар хуруугаа, хэлэх тооныхоо хүчтэй хувь дээр цочмог гарган аялдаг гэж урлаг судлаач Ж. Бадраа бичжээ. Түүнчлэн нутаг нутагт дэмбээний үг, ая өөр өөр байх бөгөөд ардын дууны аялгуунд дэмбээдэх нь бий.

Голчлон Төв, Дундговь, Булган, Архангай аймгуудад дэмбээ их дэлгэрсэн байдаг нь дэмбээ нь айрагтай газрын  тоглоом болохыг харуулна. Дэмбээ тоглох аялгуу нутаг нутагт өөр өөрийн онцлогтой байдаг. Тухайлбал дэмбээг ардын дуу Алгирмаагийн дууны аянд, “Жан жангийн торгон хадгийг задалж сууна аа Алгирмаа яа хө, Заяанаас учирсан Алгирмаатайгаа жаахан дэмбээдээд сууя даа хө. Хоёр нь байвал гурав биш ээ, Таваар нь байна аа биш юм аа хө. Найзын наймаа, ес нь байна аа” дөрөв гэж оруулж дэмбээднэ.

Найр хурим, унаганы тамганы найр зэрэг баяр ёслолд дэмбээддэггүй гэсэн нутгийнхны яриа бий.

Хэрхэн тоглохыг суръя.

Хоёр хүн хоорондоо талцан, "Дэмбээ мэдэх үү, хө?" гэж аялгуулан эхлээд,

Ø Ганган ганцаа

Ø Хоёрын хоёроо

Ø Гунан гурваа

Ø Дөгөөтэй дөрвөө

Ø Талын таваа

Ø Зуравсын зургаа

Ø Долоотой домбоо

Ø Найзын наймаа

Ø Есийн дэгээ

Ø Арвын хангай

гэж хоёр гарынхаа арван хурууг дэмбээний аялгуугаар ээлжлэн гаргаж наадна. Аялгууны хувьд нутаг нутгаасаа хамааран, яльгүй өөр байх боломжтой бөгөөд, дээр дурдсанаас арай өөрөөр тоонуудаа шүлэглэх боломжтой.

Хоёр хүний гаргасан нийт хуруунуудын тоотой аль нэгийнх нь хэлсэн тоо таарвал нэг оноо авна. Оноо авах бүрдээ нэг гарын нэг хуруугаа даран хумина. Ийм маягаар оноо авсаар эхэлж дөрвөн оноо авсан нь "Цацлаа" гэж мэдэгдээд хумьсан хуруунуудаа дэлгэнэ. Тав дахь оноог эхэлж авсан нь хождог. Хоёр тал оноо авснаа нөгөө гарынхаа хурууг даран тооцдог байна. Хэрвээ аль нэг нь онож таавал, “дэмбээ мөндөө” буруу таавал ”дэмбээдээ биш ээ хө” гэж толгой сэгсрэн дэмбээддэг. Мөн тоо гаргахдаа заавал эрхий хуруугаа гаргах ёстой. Хэрвээ гаргахгүй бол бууж өглөө гэсэн үг.

Мөн дэмбээг тоглох маш олон уран арга мэх, заль бий. Жишээ нь, гарын дээшээ харуулсан, доошоо харуулсан нь хүртэл хурууны тоонд нөлөөлдөг учир гараа маш хурдтай эргүүлснээр, өрсөлдөгчийнхөө толгойг эргүүлдэг, "цацах"-даа гараа хаа нэг тийш сунгадаг тул үүнийг өрсөлдөгчөө сандран мэгдүүлэхэд ашиглах, хуруу гаргаж байхдаа нүүр лүү нь гараа сунган анхаарлыг нь сарниулах гэх мэт өчнөөн олон аргууд байдаг ажээ.

Тоглохдоо тоо таана, тоогоо шүлэглэн хэлнэ, шүлгээ аялгуулан айлдана, мөнхүү дундуур нь элдвийн заль ашиглана гээд маш олон чадвар зэрэг шаарддаг. Мөн дэмбээг хурдан буюу шогшоо, удаан буюу энгийн гэж ангилдаг. Үүнээс үзэхэд, хурдан бодож, оновчтой шийдэх сэтгэлгээний томоохон дасгал гэж хэлж болох юм. Энэхүү тоглоом нь хэл яриа, авхаалж самбааг сайжруулах нь яриангүй.

О.Бадамааням

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх