image

АРВАНХОЁРДУГААР САРД ЗААВАЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРВАН ТӨЛӨВЛӨГӨӨ

Нэг л мэдэхэд арванхоёр сар. Цаг хугацаа хурдан байна шүү. Саяхан л 2021 он минийх, алаад өгье гээд л пост бичиж, бүх зүйлийг чадах мэт онгирч байсансан.

Шинэ он гарахад ганцхан сарын хугацаа үлджээ. Энэ өдрүүдэд та юу хийж өнгөрөөх төлөвлөгөөтэй байна даа. Магадгүй юу ч бүтээж амжаагүй мэт дутуу мэдрэмж төрөөд байна уу. Зүгээр дээ. Бүх зүйл болоод өнгөрсөн болохоор ирэх жил юу хийхээ бодож олоорой. Харин энэ ондоо багтан дараах арван төлөвлөгөөг заавал хэрэгжүүлээрэй. Нэг л мэдэхэд өнгөрчихдөг цаг хугацаа болохоор өнөөдрөөс эхлэхийг санал болгоё. Хүний амьдралын хамгийн догдлол дүүрэн, бас завгүй өдрүүд ирж байна.


1. Уучлалт гуй

- Өнгөрсөн онд чи хэр их хүн гомдоосон бэ. Магадгүй санаандгүй байдлаар эвгүй харилцаад, учраа олж чадаагүй хэн нэгэн байгаа юм биш биз. Энэ ондоо багтаагаад уучлалт гуйгаарай. Сэтгэлийн амар амгалан шиг сайн эм хаана ч байхгүйг санаарай.

2. Баярлалаа

- Бүтэн жилийн турш чиний дэргэд байсан, тус дэм болж, санал шүүмжээр чамайг хурцалж ирсэн хэн бүхэн “баярлалаа” гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлээрэй. Тэдний сэтгэл дулаацаг.

3. Эхнээс нь бүртгэ

- Энэ ондоо багтааж дуусгах ёстой ямар нэгэн чухал ажил байгаа юм биш биз. Дараа нь асуудал үүсгэж болох эрсдэлтэй ажлуудаа бүртгээрэй.

4. Өрөө тэглэ

- Хүн бүрийн амьдрал харилцан адилгүй учраас бид нэгнээсээ мөнгө зээлэх, санхүүгийн хувьд тусламж хүсэх тохиолдол цөөнгүй. Тэгвэл эхнээс нь жагсааж бичээд, бага багаар нь эргүүлж төлөөрэй. Авсан шигээ өгөх нь хүнд байдаг хамгийн сайшаалтай чанар юм шүү.

5. Найзуудтайгаа уулз

- Завтай болохоороо уулзъя, тэгж байгаад уулзъя гэж хойшлуулсаар 2021 он дууслаа. Завтай болохоороо уулздаггүй, зав гаргаж уулздаг гэдгийг санаарай. Хамт кофе уумаар байгаа хүн рүүгээ яг одоо холбоо барь.

6. Эргэн сана

- 2021 онд хийнэ гэж төлөвлөөд орхичихсон ямар нэгэн зорилго бий юу. Тийм бол ядаж эхлүүлээд орхиорой. Бүтэн хоёр жил дамнасан зорилго хэзээ хэрэгжих вэ дээ. Яг жилийн өмнө би юу хийж, хаана явж байснаа бас ямар зүйл хүсч байснаа эргэн санаарай.

7. Жагсаалт

- Өнгөрсөн онд хийж амжсан, сэтгэлд хүрсэн ажлуудаа жагсаан бичээрэй. Өөрийгөө хэр бүтээлч бас хөдөлмөрч байсныг харах танд сонирхолтой байх болно. Юу ч хийгээгүй байвал ирэх онд өөрийгөө бага ч болов эерэгээр өөрчлөөрэй.

8. Төлөвлөгөө

- Шинэ жилийн өдөр яаж баярлах вэ. Ямар шинэ жилийн үдэшлэгт оролцох вэ. Ямар гоёлын гангараа өмсөх вэ. Хэдэн хүнд бэлэг бэлдэх билээ гээд бүгдийг нь төлөвлөж бичээрэй. Дараа нь шаардлагатай мөнгийг цуглуулж, хуваарилж, хадгална. Хамгийн их зарлага гардаг баяр шүү дээ, шинэ жил чинь ...

9. Өөртөө зориул

- Шинэ он гарахаас өмнө өөртөө юу хийж өгөхийг хүсч байна вэ. Жижиг зүйл байсан ч болно. Ганцаараа цэвэр агаарт ном уншиж суухыг хүссэн ч гайхалтай хувилбар. Эсвэл шинэ гар утас уу. Ямартай ч өөртөө зориулаарай, байж болох хамгийн сайхан зүйлсийг.

10. Өөрийгөө дайчил

- Ганцхан сарын хугацаа үлдлээ. Байж болох хамгийн сайнаараа байгаарай. Чи хичээж чадвал юу ч оройтдоггүй. Өглөө эрт босч, шөнөжин ажиллаж, өдөржин махарч суусан ч яахав. Хийх ёстой зүйлээ заавал гүйцээгээрэй. Дараа харамсаж сууснаас өнөөдөр өөрийгөө дайчилсан нь хамаагүй дээр байдаг. Амжилт хүсье.

Дахиад жаахан унтмаар санагдсан ч гэлээ хөнжлөө сөхөөд боссон өдөр болгон чинь жинхэнэ амжилтын суурь. Хичээж байгаа чинь гоё харагдаж байна. 

1 Сэтгэгдэл:

  1. Баярлалаа

Сэтгэгдэл илгээх