image

Надаас чөлөөт цагаа хаана өнгөрүүлдэг вэ гэж асуувал би “автобусанд” гэж хариулна

Өвлийн жавар оржээ. Гадаа хүйтэн ч гэж най алга. Дээрээс нь энэ утааг яалтай билээ. Нийслэл хот маань жилээс жилд л утаатай, өнгө муутай өвлийг угтах юм даа.

Хэн нэгэн надаас чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ гэж асуувал би гарцаагүй автобусанд гэж хариулахаар байна. Улаанбаатар хотын иргэн өглөө бүр автобусанд хоёроос гурван цагийг зарцуулдаг. Орой ч мөн ялгаагүй. Тэгвэл багаар бодоход долоо хоногт 28 цагийг зөвхөн тээврийн хэрэгсэл дотор өнгөрүүлдэг болж таарч байна. Энэ их цагийг хүмүүс янз бүрийн л юм хийж өнгөрүүлж байгаа харагддаг. Мэдээж хүн бүр адил бус өөр өөр сонирхолтой шүү дээ. Зарим нь интернет орж байхад зарим нь чихэвчээр дуу сонсоод явж байх жишээтэй. Харин миний хувьд, гар утсаар тоглох дуртай. Тиймээс удаан хугацаагаар түгжрээд явж байх үедээ утасныхаа видео тоглоомыг тоглодог гэсэн үг.

Бараг суудал олдоггүй учраас зогсоод явж байхад тоглох л хамгийн хэцүү. Би нэг удаа зогсоогоороо тоглож, бариулаас барилгүй явж байгаад гэнэтийн тоормосоос болоод бэртэх дөхсөн. Тоглож байх үед бүх анхаарал тухайн тоглоомдоо л төвлөрдөг учраас гэнэ алдсан хэрэг. Хэдий хүсээгүй ч гэсэн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар бол  яалт ч үгүй нийтийн тээвэр болчихжээ. Харин зарим нэг хүмүүс нь их сэргэлэн. Намайг тоглож цагаа өнгөрөөж байхад утсаараа ажлаа амжуулаад явж байдаг. Үүнийг яаж мэдсэн бэ гэвэл надтай нэг автобусанд суусан эгч хажууд утсаар ярьж байхыг сонссон. Цагаан идээ зардаг бололтой. Хэдэн килограмм ааруул авах юм, манайх тэндээс ааруулаа татдаг, чанартай энэ тэр гээд л “рекламдав”. Тэр эгчийн ажлаа амжуулж байгаа байдал нь надад их таалагдсан. Миний хувьд автобусанд ажлаа амжуулъя гэхээр боломж нь бүрддэггүй. Хаа сайгүй нүд чих хараад, сонсоод байхаар санаа зовоод байдаг юм. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс бол яахав, утсаараа ийш тийш яриад ажлаа зах зухаас нь хийгээд л явдаг юм билээ. Нийтийн тээвэр дотор юу эсийг үзэх вэ дээ. Нүд, чих байгаа хойно үзэхгүй, харахгүй гээд ч яах билээ. Бие биенийгээ халамжилж байгаа хосууд, элдэв зүйл хамж ярьж байгаа хөөрхөн балчир охид, над шиг зүгээр л тоглоод явж байгаа залуус гээд л төрөл бүрийн хүмүүстэй таарна.


Сэтгэл эмзэглэм зүйлс ч бас чамгүй их болох юм. Ажил хичээлээ тараад харьж байхад нийтийн тээвэр дотор хөгшин хүмүүстэй их таардаг. Ихэнх нь 60 нас давсан болов уу гэмээр настай харагддаг. Харваас ядарсан шинжтэй, баргар царайлсан залуу арай хийн ганц суудал олоод сууж байтал хэн нэгэн хөгшин ороод ирнэ. Улаан цайм гүрийгээд суугаад байлгүй суудлаа тавьж өгснийх нь хариуд баярлалаа миний хүү гээд хэлчихэж чаддаггүй. Өөрийнхөө ядарч, сульдсан биеэ үл тоон, тэр хүнийг хүндлээд босож өгч байхад тэгэх нь жам ёсны хэрэг юм шиг л хандана. Залуу байлаа гээд өвддөггүй, ядардаггүй гэж ойлгож болохгүй шүү дээ. Хараад байхад өвөө эмээ нар сургуулийн хүүхэд лүү хүртэл уурлаж, хэлэх хэлэхгүй үгээр дайрч босгоод суудлыг нь булаагаад суучихдаг юм билээ. Гэхдээ тэр чинь өсвөр насны хүүхэд шүү дээ. Том хүн бол яахав, сэтгэлийн хаттай юм болохоор хэлсэн үгийг нээх тоолгүй л өнгөрдөг байх.

Харин өсвөр насны хүүхэд гэдэг чинь сэтгэлийн хат суугаагүй, хэн нэгний хэлсэн өчүүхэн муухай үгэнд л гомдож туньдаг дээрээ явж байдаг. Тухайн хүүхдийн сэтгэл зүй тэр үед ямар ч байсан байж болно. Магадгүй сэтгэл санааны гүн хямралтай ч явж байсан байж болно. Тийм байхад дээрээс нь нэмээд загнаад байвал тухайн хүүхэд улам л хямарч, магадгүй энэ амьдралаас алга болох хүсэлд ч автаж болзошгүй. Өсвөр насны хүүхэд тийм л эмзэг. Тиймээс хүүхэдтэй харьцахдаа аль болох эвээр харьцаж байх хэрэгтэй. Хөгшин хүмүүс ч гэлтгүй зарим ахимаг настай хүмүүс ч ийм үйлдэл гаргана. Тиймээс хаа явсан газраа үлгэр дуурайлал үзүүлж байгаарай гэж зөвлөх байна. Хүн бүр л хэн нэгнээс үлгэр жишээ авдаг. Хувцаслалт, үг, үйлдлийг нь хүртэл даган дуурайдаг. Магадгүй таны хийсэн сайн үйлдэл өөр хэн нэгний нүдэнд сайхан харагдаад таныг дуурайх ч юм билүү. Бидэнд жижиг соёл, багахан хандлага л дутаад байх шиг. Нэгнээ хайрлаж, адилхан хүн гэж харвал нийгмийн цаг агаар бага ч болов нааштай болно гэж итгэдэг. Орой автобусандаа суугаад, тоглоомоо тоглоод явна даа. Өөр сонголт байх биш, түгжрэлийг үзэн ядахаа ч больж дээ ..

О.Бадамааням

2 Сэтгэгдэл:

  1. cRxUok <a href="http://qiwuuetxvebx.com/">qiwuuetxvebx</a>, [url=http://tkewbjjacijr.com/]tkewbjjacijr[/url], [link=http://favrdywzlcie.com/]favrdywzlcie[/link], http://dknbktitnbha.com/

  2. <a href="https://doxycycline2022.top">buy doxycycline without dr prescription</a>

Сэтгэгдэл илгээх