image

Эх дэлхийгээ хайрлая | Цахилгаан эрчим хүч хэмнэх ЭНГИЙН АРГУУД

Хэрэглэгчид эрчим хүчийг амьдралын чухал хэрэгцээний нэг гэдгийг мэддэг ч хэрхэн хэмнэж, үр ашигтайгаар хэрэглэх талаар ойлголт багатай байдаг. Цахилгаан эрчим хүчээ хэмнэх нь өөрсдийн санхүүгээ хэмнээд зогсохгүй дэлхийн дулаарлыг багасгах онцгой ач холбогдолтой.

Ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглахад эрчим хүчийг бага ч болов хэмнэж болох хялбар аргуудаас хүргэе.

1. Техник технологийн хөгжлийг дагаад орчин үеийн цахилгаан хэрэгслүүд эрчим хүчийг харьцангуй бага зарцуулдаг болж шинэчлэгдэж байна. Гэхдээ цахилгаан бага зарцуулдаг гээд залгуурыг нь розеткаас нь салгахгүйгээр ажиллахад бэлэн горимд удаан хугацаанд байлгаж болохгүй. Учир нь ямар ч цахилгаан хэрэгсэл өөрийн цахилгаан тэжээлийн блоктой байдаг тул эрчим хүчийг “ашиглаж” байдаг.

2. Бидний өдөр тутам ашигладаг суурин компьютер 400Ватт буюу 0.4кВт, зөөврийн компьютер 80Ватт буюу 0,08кВт-аас хэтрэхгүй чадал шаарддаг. Ашиглаагүй тохиолдолд унтраах нь бас л нэг цахилгаан хэмнэх боломж юм.

3. Та гар утсаа цэнэглээгүй хэрнээ цэнэглэгчээ розетка эсвэл олон залгуурт залгаатай орхидог уу? Цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр байдаг. Энэ үед гар утасны цэнэглэгч 0.5 Ватт цахилгаан эрчим хүчийг “залгиж” байдаг бөгөөд цагт 0.005, өдөрт 1.2, сард 36.50, жилд 438.05 төгрөгийн зардал гаргадаг. Маш бага мөнгө сонсогдож байгаа боловч бидний амьсгалах агаарыг давхар бохирдуулж байгааг бодолцоод үзээрэй.

4. Цахилгаан техникийг дамжуулагч залгуураар биш шууд өөрийн залгуураар нь үндсэн тэжээлтэй холбовол энерги зарцуулалт багасдаг.

5. Ямар ч цахилгаан хэрэгслийг техникийн тодорхойлолтын дагуу ашиглаж сурвал, эрчим хүчээ хэмнэхээс гадна ашиглалтын хугацаа уртасдаг. Жишээлбэл тоос сорогчийн хогны уут цэвэрхэн хоггүй байвал хөдөлгүүр нь төдий чинээ эрчим хүчийг бага зарцуулдаг. Цахилгаан машинаар дутуу гэссэн мах машиндах нь илүү эрчим хүч шаардагддаг тул махаа бүрэн гэсгээх хэрэгтэй.

6. Амины орон сууц, байшинтай хүмүүсийн хувьд сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гаргадаг эх үүсгүүр сонгохыг зөвлөе. Нарны энергийг зөв ашиглаж чадвал өөрийн гэсэн нарны цахилгаан станцтай болох боломж хүн бүрт бий. Хамгийн гол нь гар хийцийнх байх ёсгүйг анхаараарай.

7. Нийтийн орон сууцнуудын орцны гэрэл үдшийн цагаар хүн явсан, яваагүй байнга асаалттай байдаг. Энэ нь эрчим хүчний оргил ачааллын цагтай давхцдаг. Ийм 60Ватт-ын гэрэл өдөрт 10 цаг асаалттай байхад сард 1825.2 төгрөг, жилд 21902.4 төгрөгийн зардал гардаг. Энэ зардлыг хөдөлгөөн мэдрэгчтэй гэрлээр сольж хэмнэх нь зүйтэй.

Гэрийнхээ цахилгаан хэрэглээг хэрхэн хэмнэх вэ?

Байгалийн гэрэлтүүлэг ашигла. Цонхоо тогтмол цэвэрлэж, өдөртөө хөшгөө нээлттэй байлга. Үр ашиггүйгээр өдрийн цагаар ч гэрлээ асаалттай байлгах хэрэггүй.

Халуун усныхаа хэрэглээг багасгах. Халуун ус их хэмжээний цахилгаан шаарддаг. Усанд орохдоо шаардлагатай үед шүршүүрийг ашиглах мөн гэр цэвэрлэх хувцас угаахдаа шаардлагагүй бол хүйтэн ус ашиглаарай. 

Хэрэглээгүй бол салга. Цахилгаан хэрэгслээ хэрэглээгүй үедээ залгуураар нь салгаж байгаарай. Үр ашиггүй цахилгаан гүйдлийг хэмнэх болно.

Зарим тохиолдолд лаа ашиглах. Гэр бүлээрээ гэртээ кино үзэх, оройн зоог барихдаа лаа асааж яагаад болохгүй гэж. Шинэ сонголт, шинэ орчин танд болон гэрийнхэнд тань таалагдах болно. 

Эрчим хүчинд хэмнэлттэй гэрлийн чийдэн ашиглах. LED чийдэн нь CFL-ээс илүү хэмнэлттэй. LED чийдэн нь CFL-ээс илүү үнэтэй боловч удаан хугацаанд ажиллах боломжтой бөгөөд мөнгөн ус агуулдаггүй. Тиймээс худалдан авч байгаа чийдэнгийнхээ ваттыг харж аваарай.

Гадна гэрэлтүүлэг. Гадна гэрэлтүүлэгтээ хөдөлгөөн мэдрэгчтэй гэрэл хийх эсвэл нарны эрчим хүчээр ажилладаг гэрлүүдийг ашиглаарай.

 

 

 

1 Сэтгэгдэл:

  1. ILi5Ec <a href="http://xlakejguvgjf.com/">xlakejguvgjf</a>, [url=http://aukddpaftdzr.com/]aukddpaftdzr[/url], [link=http://usrajiqvqduu.com/]usrajiqvqduu[/link], http://qlvpmqryycju.com/

Сэтгэгдэл илгээх