image

Э.Ганхуяг: Дадлагын оюутан гэхээрээ л зарагдаж, сэтгүүлчийн ажлыг амжуулдаг юм биш, тэд бүтээлч байх ёстой

Мэргэжил нэгт хүнээсээ ярилцлага авах хүсэлдээ автан Монголын радиогийн сэтгүүлч Э.Ганхуяг ахыг зорилоо. Бид түүний ажлын байр болох МҮОНРТ-д уулзахаар цаг товлосон юм. Намайг очиход бичлэгт орох хэрэгтэй боллоо гээд түр хүлээлгэв. Түүний ярилцлага хийж байхыг нь хараад би ч сэтгүүлч болох хол байна даа гэсэн бодол төрсөн хэдий ч өөрийгөө гололгүй ярилцлага авч чадсан юм.

- Ярилцлагын эхэнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Ганхуяг гэдэг. Монголын радиогийн сэтгүүлч, редактор мэргэжлээр долоо дахь жилдээ ажиллаж байна. Энэ хавар Хүмүүнлэгийн ухааны их сургуульд дижитал сэтгүүл зүйгээр магистрын зэрэг хамгаалсан. Мөн энэ семестрээс радио сэтгүүл зүйн хөтлөгчийн уран чадвар гэдэг хичээлийг цагаар зааж байгаа.

- Анх сэтгүүлч гэх мэргэжлийг сонгоход нөлөөлсөн зүйл нь юу вэ?

- Анх сэтгүүлч мэргэжлийг сонгоход нөлөөлсөн зүйл бол тухайн цаг үеийн нийгэмд нөлөө үзүүлж байсан сэтгүүлч нар юм болов уу. Тэднийг хараад, эд нар шиг сэтгүүлч болно доо гэсэн хүсэл эрмэлзэл авч байсан. Дурдах юм бол “ТВ5”-ын Отгонбаатар, Алтаншагай мөн “Өглөө хөтөлбөр”-ийн Гэрлээ эгч гэх мэтчилэн.

- Тухайн үед сэтгүүлч элбэг байсан болов уу?

- Хүүхэд байсан болохоор сайн мэдэхгүй л байна. Ямартай ч зурагтаар гардаг байсан болохоор л их гоё харагдаад, өглөө эмээтэйгээ хамт “Хурд”-ын мэдээг гарахаар нэвтрүүлэгчдийн хоолойг сонсоод сэтгүүлч болох гоё юм байна л гэж бодож байсан.

- Мэргэжлээрээ сурч байхад, мөн дадлага хийж байх явцад шантрах үе танд гарч байсан уу?

- Гаралгүй яах вэ. Би оюутан байхдаа олон нийтийн мэдээллийн хэрэгслийг бүрдүүлж байгаа бүхий л сувагт ажиллаж байлаа. Анх телевиз дээр эхэлж ажилласан. Дараа нь телевизийн мэдээний албанд, сэтгүүл, сонин, сайт гээд л. Тэгээд энэ дундаасаа надад хамгийн зохимжтой салбар бол радио сэтгүүл зүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрээд тэндээ дадлага хийсэн дээ.

- Шантрах үедээ та хүнд үеийг хэрхэн даван туулдаг байсан бэ?

- Анх 2014 онд радиод орохдоо найман сар ямар ч цалингүй дадлагажиж байсан.  Гуравдугаар дамжааны оюутан байсныг ч хэлэх үү. Эхэндээ зүгээр л сонирхлоо дагаад ажилладаг байлаа. Тодорхой хугацааны дараа цалин өгнө гэж ярьдаг байсан ч ерөнхийдөө худлаа болоод ирсэн. Энэ байдлаараа удаан явахаар мэдээж шантарна шүү дээ. Цалин битгий хэл автобусны, хоолны ч мөнгө өгөхгүй. Тэгээд продюсер маань хэлж байсан. Чамд худлаа итгэл хүлээлгээд ажиллуулаад баймааргүй байна. Ер нь бараг авахгүй ч байж магадгүй гэсэн утгатай мессеж өгөхгүй юу. Тухайн үед би яах гэж найман сар энд ингэж явсан юм бол доо. Өмнөх өдрийн хичээл зүтгэлийг ингээд нэг л өдөр үгүй хийж болохгүй шүү дээ. Надад хэцүү санагдлаа гээд би бууж өгч болохгүй. Өмнөх маш олон өдөрт би бууж өгөөгүй. Зөвхөн нэг өдөр удирдлагын хэлсэн шийдвэрийг сонсонгуутаа бууж өгч болохгүй гэж бодсон л доо. Ажилдаа дуртай байсан минь намайг тэр хүнд байдлаас гаргасан юм болов уу даа.

- Таны хувьд сэтгүүлч мэргэжлийн хамгийн гоё зүйл нь юу байдаг вэ?

- Шинэ соргог мэдээллийг хаанаас ч хүлээж авах боломжтой. Хүрээлэл сайтай. Анх улс төрийн мэдээний албанд байхдаа дандаа чуулганы тойм бичихээр ордон луу ордог байсан. Хаана үйл явдал болно, тэнд очиж мэдээ сурвалжилга бэлтгэдэг. Тэгэхээр аливаа нийгэмд өрнөж буй үйл явдлыг бүхний түрүүнд мэдэх боломжтой, олон давуу талтай мэргэжил. Ямарваа нэг үйл явдлаас хоцордоггүй. Цаг үеийн үйл явдлаа дагаад хөгжөөд явах боломжтой.

- Сэтгүүлч мэргэжлийнхээ хажуугаар бас багшийн ажлыг давхар гүйцэтгэдэг гэсэн. Яагаад энэ мэргэжилтэй холбогдох болов?

- Яагаад энэ салбарт, радио сэтгүүл зүйн салбарт ажиллах болсон бэ гэдэгтэй уялдаад байна.

Оюутан байхад манайд радио сэтгүүл зүй ордог байсан багш маань надад багшлахад нөлөө үзүүлсэн хүн гэж хэлж болно.

Тэр үед радио сэтгүүл зүйн хичээлдээ илүү сонирхолтой байсан юм л даа. Эхлээд энэ талаар ямар ч ойлголтгүй. Ерөөсөө л телевиз юм уу сонин, сэтгүүл гэсэн ойлголттой байж байгаад сүүлд радио сэтгүүл зүйн ойлголтой болоод онолоо үзээд, практикт нэвтрүүлэг хийгээд, ХУИС-ийн алтан үзэг гэх наадамд радио нэвтрүүлгийн төрөлд эхний жилдээ хоёрдугаар байр, дараагийн жилдээ тэргүүн байр аваад, тэрнээсээ их урам авч энэ салбарт ажиллах орон зай байгаа юм байна гэж харсан. Нөгөө талдаа магистрын зэрэг хамгаалаад багшлах боломж гараад ирсэн чинь ер нь яг тэр багш шигээ л бусад оюутнуудад үлгэр дуурайлал нь болсон багш болъё доо гэж бодсон. Гэхдээ нөгөө талдаа дийлэнх оюутнуудаас асуух юм бол орчин цагт тогтмол хэвлэл, сонин сэтгүүл, сайт гэхээсээ илүү дандаа дижитал медиа луу уншигчид, үзэгчид, сонсогчид орчхоод байна л даа. Тэгэхээр радио мэдээллийн хэрэгслийн үнэ цэнийг, энэ зүйл чинь ийм түүхтэй, ийм онцлогтой шүү гэдгийг сэтгүүл зүйн салбарт сурч байгаа оюутан залуучууд мэдэх ёстой. Мэдэхгүй оюутнууд маш их байна л даа. Хичээл орж байхад радио сонсдоггүй, бараг радио гэдэг мэдээллийн хэрэгслийн ач холбогдол үнэ цэнийг зүгээр л фм, радио дээр ярьдаг хөтлөгчдийн дайны байдлаар ойлгоод байгаа нь буруу юм байна. Энд нэг тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэхийн тулд өөрийн сурсан мэдсэнээ бусдадаа хуваалцъя гэдэг байдлаар багшилж эхэлж байгаа.

- Тэгвэл таныг сэтгүүлч мэргэжлээрээ цаашдаа ажиллах эсвэл оюутан залууст энэ радио сэтгүүл зүйн мөн чанарыг таниулаад багшаараа ажилла гэвэл алиныг нь сонгох вэ?

- Мэдээж багаасаа л хүсэж мөрөөдөж байсан сэтгүүлч мэргэжлээ орхихгүй ээ. Энэ чинь өөрөө тэтгэвэрт гарахгүй мэргэжил гэж манай сэтгүүл зүйн багш, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гуай хэлж байсан. Миний хичээл өөрөө радио сэтгүүл зүйн хөтлөгчийн ур чадвар учраас практик ур чадвар шаардсан хичээл байдаг. Онол 30 хувь практик 70 хувьтай ордог хичээл. Тэгэхээр хавсраад явахаас аль нэгийг нь илүү сонгоно гэдэг ойлголт бол байхгүй. 

- Та МҮОНРТ-д яг хэдэн жил ажиллаж байгаа юм бэ. Долоон жил энэ байгууллагадаа ажилласан юм уу?

- Тийм. Эхлээд би нийгэм эдийн засгийн албанд байсан. Улс төр, хууль зүйн албанд бас байсан. 2016 оноос хойш энэ “П3” залуучуудын суваг дээр гарсан. Өглөө, өдөр, оройн хөтөлбөрөөсөө хамаараад өөр өөр байдаг. Одоогоор бол би оройн хөтөлбөртөө редактороор ажиллаж байгаа.

- Ажиллаж байгаа албан тушаалдаа, энд ажиллаж байгаадаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

- Хангалуун байгаа. Яагаад гэвэл манай энэ ажил стресс тайлдаг. Хүмүүс ажил хийхээрээ бухимддаг шүү дээ. Жишээлбэл, өглөө босоод ажилдаа яаж явна аа, замын түгжрэл, цалин энэ тэр гээд л. Юу гэх юм бэ дээ. Тэгэхээр манай ажил харьцангуй цагийн хуваарийн хувьд уян хатан нөхцөл байдалтай. Гэхдээ яг энэ албандаа ярьж байгаа шүү. Нөгөө талдаа эфирийн ард нийгмийн асуудлаас гарч, өөрийгөө чөлөөлж, эрх чөлөөтэй дугарч чаддаг гэх юм уу. Тэгэхээр энд ажиллаад, бухимдаад байдаг гэхээсээ илүүтэй энд их тайтгардаг. Одоо ингээд харах юм бол хоёулангийнх нь сууж байгаа энэ студи бол элдэв янзын дуу чимээнээс хол, яг өөрөөрөө орших цэг бол энэ радио сэтгүүл зүй гэж би хувьдаа хардаг.

- Сүүлийн үед хувийн телевиз ихсээд байгаа шүү дээ. Тэгвэл таны хувьд МҮОНРТ-д ажиллах, хувийн телевизэд ажиллах хоёр юугаараа ялгаатай юм бол?

- Би бас ажлынхаа хажуугаар хувийн байгууллагад ажиллаж байгаа л даа. Хоёр талд ажиллаж байгаа хүний хувьд, хоёр туулай хөөж байгаа хүний хувьд маш сайн анзаарсан. Төрийн байгууллага шийдвэр гаргах төвшинд нөлөөлөл үзүүлэхдээ маш олон шат дамжлага дамждаг. За, чи сурвалжлагчаар ажилд орлоо гэж бодоход ахлах редактор, албаны дарга, салбарын захирал гэх мэт нэг асуудлыг шийдэх гэж маш олон хүнтэй зөвлөлдөнө. Ширээний хөл хугарлаа би хаашаа очих вэ гэхэд аж ахуйн нэгж лүү оч, тэрний гарын үсэг, энэний гарын үсэг гээд л явж өгнө. Нэг ширээний хөл янзлах гэж маш олон хаалга татах хэрэг гардаг. Тэгвэл хувийн хэвшилд яах вэ гэхээр тэрийг хугалсан тохиолдолд өөрөө л янзлах ёстой, бүх юм чиний толгой дээр буудаг. Шийдвэр гаргах төвшин нь илүү хурдан байдаг гэсэн үг. Чи хэр сайн ажиллана төдий чинээ өгөөж нь хурдан хүрээд ирнэ. 

- Ихэнх сэтгүүлч нар хувьдаа сайттай болоод байна. Таны хувьд сайт нээх бодол байдаг уу?

- Бид нар чинь оюутан байхдаа л сайт нээх тухай ярьж байсан юм. Дөрөвдүгээр курсдээ одоо ингээд төгслөө. Нэг газар ороод л сэтгүүлчээр ажиллана. Хамгийн бага цалингаар ажиллана. Бүхнийг тэгээс эхлэх гээд байдаг. Тэрний оронд өөрсдөө толгойлоод ажиллая, старт ап эхлүүлье гээд маш гоё эрмүүн хүсэлтэй. Хүмүүс нээх сайхан ярьдаг хэрнээ яг хийдэг дээрээ гацдаг байхгүй юу. Хэн ч хийдэггүй. Ярихад бол маш олон хүмүүс оролцдог шүү дээ. Зугаалгаар явна гэж аягүй гоё ярьчихаад, явах өдрөө ганцаараа цүнхээ үүрээд автобусны буудал дээр зогсож байдаг шиг л юм болдог.

- Тэгэхээр сайт нээх бодол байдаггүй гэсэн үг үү?

- Бодолгүй яах вэ. Сайтын эрхлэгчээр ажиллах санал надад ирж байсан. Тэгээд би өөрөө радио сэтгүүл зүйн салбартаа илүү ажилласан болохоор энэ салбарынхаа ирээдүйн хөгжлийн явцад, контентдоо, олон нийтэд хүргэх гэдэг тал дээр нь өөрийнхөө үүрэг оролцоог тодорхойлж байгаа. Одоогоор бол нээх айхтар сайт ахлаад эсвэл сайтад ороод ажиллах бололцоо бол алга. Багшлахын хажуугаар ажлууд маш их овоорсон л доо. Үндсэн ажлаа хийнэ, нэг сайтад ажиллана гээд л. Хэдийгээр амжуулах чадвар байгаа ч тал тал тийшээ үсчээд байгаа юм шиг санагдаад татгалзсан хариу өгсөн дөө.

- Энэ байгууллагад долоон жил ажилласан гэхээр мэдээж тань дээр дадлагажигч оюутнууд ирж байсан байх. Миний ярилцлагын хөндөж буй гол сэдэв ч гэсэн сэтгүүлч мэргэжлийг сонгож сурах гэж байгаа болон дадлагад гарах гэж буй оюутнууд луу чиглэсэн. Тэгэхээр тань дээр хэр олон хүүхэд дадлагажаад байгаа вэ?

- Хамгийн анхны дадлагын оюутан зургаан жилийн өмнө буюу 2015 оны зун ирж байсан. Одоо тэр оюутан “Eagle” телевизэд ажиллаж байгаа. Холбоотой байдаг. Би хэвлэл мэдээллийн байгууллагад хэвшил болсон ойлголтын эсрэг байхыг үздэг. Дадлагын оюутан гэхээрээ л кофе, хоол, тамхинд гүйлгээд л, тэгж их зарагдаж байж юм сурна гэж байхгүй шүү дээ. Зүгээр л хэн нэгний ажлыг амжуулдаг хүн болно уу л гэхээс. Тиймээс аль болох бүтээлч байгаасай, дадлага хийж байх хугацаагаа үр дүнтэй байлгаасай. Тэр ч утгаараа өөр дээрээ ирж байгаа оюутнуудыг бүтээлтэй байлгах тал дээр анхаар ч боломжтой байвал шууд эфирт яриулахыг үздэг. Хүн оролдлого хийж байж л тодорхой хэмжээний өөрчлөлтөд хүрдэг. Шууд эфирт ороод алдчих юм болов уу даа, миний хоолой нээх гоё биш гэдэг ч юм уу тийм айдастай байдаг. Айдсаа давахгүй бол хэзээ ч хүн хөгжихгүй. Тийм учраас оролдлогуудыг маш сайн хийж байгаарай. Ямар нэгэн байдлаар тэр савнаасаа, хэмжээнээсээ хальсан л юм хийх ёстой. Маш олон төрлийн оюутнууд ирдэг. Голдуу МУИС-аас дадлагжигч их ирдэг байсан. Дадлагын удирдагч юу хий гэнэ, тэрийг л хийе гэдэг байдлаар ханддаг хүн байна. Эсвэл би юу хийх вэ гээд санаачилгаараа ингэмээр байна гэдэг хүн ч байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл өнгөрсөн 2020 оны зун над дээр дадлага хийсэн хоёр оюутандаа сурвалжилгын аппарат өгөөд, вокс поп бэлдээд ир гэсэн. Тамирчдын сэтгэгдлийг асуугаад ирэх чинь ер нь амархан л юм байхгүй юу. Тухайн хөтөлбөрт төлөвлөгдсөн л бол тэр нэвтрүүлэг явах л ёстой. Түгжирлээ, уучлаарай гэдэг зүйл радиод байх ёсгүй. 19.00 цагаас шууд явах юм байна шүү, та хоёр өдөр очоод гурав дөрвийн үед сурвалжилгаа аваад ир гэсэн. За ойлголоо гэчхээд залгалаа байдаггүй, утсаа авахгүй. Дараа нь тэр хоёрт ийм байж болохгүй ээ. Миний орон зай тэнд аль талаараа хэрэгтэй байна тэр тал дээр оролцох боломжтой байгаарай л гэж хэлсэн. Бас зөвхөн оюутан гэлтгүй дадлага удирдаж байгаа сэтгүүлч, редакциуд хүртэл энэ дээр анхаарах хэрэгтэй.

Учир гэвэл, дадлагаар ирсэн оюутанг туслан гүйцэтгэгч мэтээр хардаг. Миний дараа дараагийн үеийнхэн илүү мэргэжил рүүгээ чиглэсэн, өөрт хэрэгтэй тийм зүйлийг хийгээд яваасай гэж хүсдэг.

- Дадлагаар ирж байгаа оюутнуудад мэдээж шантрах тохиолдол гарна. Шантраад байгаа тэр хүчин зүйл нь үнэхээр хийж чадахгүйдээ байгаад байна уу, эсвэл өөрөөс нь шалтгаалаад байна уу. Аль нь илүү давамгай санагддаг вэ?

- Өөрийнхөө чаддаг юмаа л олох хэрэгтэй л дээ. Дургүйд хүчгүй гэж өөрийнхөө сонирхоогүй зүйлийг хүүхдүүд угаасаа хийхгүй шүү дээ. Би хамгийн анхны дадлагажигч хүүхдээсээ чи юунд сонирхолтой вэ гэхэд, спортод тэр дундаа хөл бөмбөгөнд гэсэн. Эмэгтэй хүүхэд л дээ. Тэгээд спортын талын сурвалжилгад явуулдаг байсан. Тэр хүн дуртай учраас мэддэг хэл дээрээсээ гаднын лигүүдийн мэдээллүүдийг хүртэл орчуулж оруулж ирдэг байсан. Энэ болж байна уу, яах уу, ийх үү гээд л.  Тэр хүн оролцоотой байхыг дадлага удирдаж байгаа хүний хувьд харах их гоё байсан. Тэгэлгүй, би хэлсэн болохоор л хийдэг. Тэр нь гүйцэтгэл 50 хувьтай байх жишээний. Аль алинд нь сэтгэл ханамж муу. Тэр хүүхэд ч гэсэн юм сайн сурахгүй. Хүнээр хэлүүлж байж юм хийж байгаа хүн хэзээ ч сурахгүй. Харин би ингэх гээд байна. Би хөгжмийн сонирхолтой, өөрийнхөө сонирхдог төрлийн хөгжмөөр лист бэлдээд өгье гэх мэт аль болох давуу талаа бий болгох хэрэгтэй. Дадлага удирдаж байгаа хүнтэйгээ ч сайхан ярилцах хэрэгтэй. Миний хувьд хамгийн сайн чаддаг зүйл энэ гээд. Яах гэж сонин, сайт, радиод дадлага хийж байгаа юм тэрийгээ тодорхой  хэлэх хэрэгтэй. Чиний зүгээс энэ хамт олонд өгөх өгөөж чинь юу юм. Мөн авах ёстой зүйл чинь юу юм. Энэ нь тодорхой байж гэмээ нь аль аль талдаа тэнцвэртэй.

- За хоёулаа одоо эргээд таны ажил мэргэжилтэй холбоотой асуулт луугаа оръё. Ажил үүргээ гүйцэтгээд явж байхад чинь хамгийн их тулгамддаг байсан одоог хүртэл тулгамдсаар л байгаа асуудал юу вэ?

- Жоохон ч байж дээ. Дөнгөж сургуулиа төгсөөд анхны жилдээ ажиллаж байлаа. НӨАТ-ын буцаан олголт хэрэгжихгүй байгаа гэхээр нь тэр тухай сурвалжилга бэлдээд явж байсан юм. Номингийн харуул ахад аймар загнуулж билээ. Чи ёстой нээрээ жоохон хүүхэд байж гээд л. Номин л НӨАТ-ын буцаан олголт өгөхгүй байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэрийг нь сурвалжилаад, та яагаад энэ эмээгийн сүү талх авсан буцаан олголтын баримтыг өгсөнгүй вэ гээд касснаас нь тодруулах гээд байдаг. Хүмүүс болохоор хэрэлдээд байна гэж хараад байгаа байхгүй юу. Сэтгүүлч бид нар бас хууль дүрмээ сайн уншдаг байх хэрэгтэй. Ингэснээр та миний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхэд халдлаа, сэтгүүлчийн эрхэд халдлаа, мэдээлэл олж авах эрхэд халдлаа гээд хуулийн хүрээнд шаардлага тавингуут нөгөө хүн надаас айж эхэлж байгаа юм. Хэчнээн би дөнгөж сургуулиа төгссөн жоохон хүүхэд байсан ч гэсэн. Хууль дүрмэндээ ийм байдаг шүү. Би нээлттэй эх сурвалжаас мэдээлэл авч байгаа болохоос биш хаалттай эх сурвалжаас төрийн, компанийн, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл авах гээд, танай байгууллагыг нийтэд илт муугаар харагдуулах гээд байгаа юм биш ээ гээд гаргацтай хэлбэл хүмүүс тайлбар авахад амар байдаг.

- Эрэгтэй сэтгүүлч эмэгтэй сэтгүүлчээс давуу байх шинж чанар?

- Эрэгтэй эмэгтэй хүн хүйснээсээ үл хамааран аливаа ажлыг ижил төвшинд гүйцэтгэх чадвартай гэж би хардаг. Яахав, мэргэжлийн ур чадвар дээр, ямар ч ажлын байран дээрх эрэгтэй хүний давуу тал гэх юм бол тогтвортой ажиллах боломжтой байдаг гэх юм уу. Эмэгтэйчүүд ирнэ.  Эхний нэг жил ажиллана. Гэр бүлтэй боллоо, декрит авлаа ажиллана. Гурав дах жилээсээ баяртай болдог байхгүй юу. Тэгэхээр тогтвортой ажиллах, карьерын хувьд өсөж дэвжих тал дээр эмэгтэй хүн арай жаахан удаан байж магадгүй.

- Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

О.Бадамааням

1 Сэтгэгдэл:

  1. <a href="https://doxycycline2022.top">where to buy generic doxycycline</a>

Сэтгэгдэл илгээх