image

БОДЛЫН ӨРӨӨ | Болимоор санагдсан тэр үеийг л давчихвал жинхэнэ боломж ард нь байдаг

Гадаа ямар хүйтэн юм бэ. Ядаж байхад энэ түгжрэл ажлаас илүү намайг ядрааж байна. Нэг мэдсэн ямар их өрөнд ороо вэ. Царай зүс, хувцас хунар гээд авах юм алга. Зорилготой хүн зогсдоггүй гээд зөндөө удаан хичээлээ шүү дээ. Яагаад ямар ч ахиц харагдахгүй байна аа. Бүх зүйлийг орхиод хол явчихмаар, залхаж байгаа бүхнээ хаяад зугтчихмаар яасан онцгүй мэдрэмж вэ. Би харанхуй газар ганцаараа баймаар байна ...

***

Хүн бүр л шантардаг. Эрч хүч нь шавхагдав уу гэсэн шиг гэнэт газар унадаг. Гэтэл яг тэр одоо больё гээд шантраад буцах үед жинхэнэ боломж өмнө нь гарч ирдэг юм шиг. Хэцүү байна аа. Болно гэж бодоод шүд зуух тусам бүх бие суларч, ухаан санаа хаашаа ч юм сарнина. Ямар новш нь болоод байна аа гэж бодсон ч гэсэн зогсох тухай бодож болохгүй. Би чадна. Би учрыг нь олно. Би цаашаа илүү сайн болж чадна. Надад миний төсөөлж байгаагаас илүү чадал байгаа. Би бүхнийг өөрийн дүрмээр тоглоно. Замд юу ч таарсан би нэдрээд гарна ... Ердөө л энэ бодлуудаар тархиа дүүргэсэн байхад чамд юу ч хэцүү санагдахгүй. Чиний бодол очих замыг чинь тодруулж байдаг юм.

***

Аз жаргалыг хайхгүй бүтээдэг. Замын дундаас би чадахгүй нь ээ гээд буцах гэж үү. Чиний хийж чадах зүйл ердөө энэ юм уу. Өнөөдрийг хүртэл гутлаа цоортол явахдаа ийм өдөр ирнэ гэж төлөвлөөгүй хэрэг үү. Больж үз. Аяга халуун кофе уучихаад хамгийн хэцүү гэсэн ажлаасаа эхлээд хий. Зугтаж байсан асуудлынхаа өмнө оч. Хэр удаан хулчгар царайлж суух гээв. Учиргүй дөлөөд байсан бүхэн чинь шүдэнз зурахаас амархан байсныг чи мэднэ ээ, гайгүй. Бос, чиний хийх ёстой бүхэн чамайг хүлээж байна. Чамаас өөр хэн энэ бүхнийг хийнэ гэж. Чи л чадна ...

***

Хэдэн шөнө зүүдэлсэн билээ дээ. Би чадчихлаа гэж хашхирах өдрийг тэсэн ядан хүлээсэн биз дээ. Тэгээд одоо яагаад үхсэн ургамал шиг сулбайчихаав. Хоолой зангирах мэдрэмж хүн бүрд л төрдөг шд. Ганцаараа зовж байгаа юм шиг аашлах хэрэггүй. Чанга бай, хатуу бай. Энэ амьдралд ямар ч гэнэтийн зүйл тохиолдсон даах нуруутай бай. Хүн болсон хувь заяагаа хайрла. Хэргийг нь гарга. Бүх зүйл болно, бүтнэ.

***

Энэ хорвоогийн сайхан бүхнийг өөртөө дууд. Бодлоороо далла. Наана нь ирсэн түр зуурын бүхнийг даван туул. Би тэнд л байх ёстой гэсэн газраа очих замыг өөрөө гэрэлтүүл. Чамд ингэж суух цаг байхгүй. Урт амьсгаа аваад дахад эхэл.

 

2 Сэтгэгдэл:

  1. Ямар час хийсэн бичвэр вэ? Найзууддаа би илгээгээд хэд нь над шиг ингэж урам авсан бол гэж харахаар шийдсэн юм гэтэл бүгд л надад баярлалаа үнэн урам зориг хайрласан бичвэр байлаа гэж илгээсэн байна баярлалаа. Дараагийн бичвэрийг тань хүлээж байя

  2. Ямар час хийсэн бичвэр вэ? Найзууддаа би илгээгээд хэд нь над шиг ингэж урам авсан бол гэж харахаар шийдсэн юм гэтэл бүгд л надад баярлалаа үнэн урам зориг хайрласан бичвэр байлаа гэж илгээсэн байна баярлалаа. Дараагийн бичвэрийг тань хүлээж байя

Сэтгэгдэл илгээх