image

Шагайн наадгайн ач тус | Шагай тоглоход тохиромжтой улирал

Өвөл шагай тоглох нь хамгийн тохиромжтой байдаг

Шагай бол Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай юм. Монголчууд таван хошуу малынхаа шагайгаар эртнээс тоглон, наадаж ирсэн. Үүгээр алаг мэлхий өрөх, морь болон тэмээ уралдуулах, шагай няслах, дөрвөн бэрх орхих, шагай таах зэрэг олон төрлөөр нааддаг. Түүнчлэн шагайгаар азаа үзэх болон мэргэ төлөг хийдэг. Шагайн дөрвөн тал болох алц, таа, бөг, цөг гэсэн нэрийг манай ард түмэн хонь, ямаа, морь, тэмээ хэмээн нэрийдэж, онх буувал үхэр буулаа хэмээдэг. Үр хүүхдээ малд хайртай болгон хүмүүжүүлэх үүднээс шагайг зориуд засан тоглоом болгон ашиглаж ирсэн. Харин интернет хурдацтай хөгжсөн энэ цаг үед мартагдах дөхсөн шагайн тоглоомын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн уншигчдадаа хүргэж байна. 

Шагайн нэршил

Малын шаант ясны нарийн үзүүрт орших жижиг цул ясыг шагай хэмээн нэрийддэг.  Зарим газар үүнийг шаа гэдэг.

Аргай - гөрөөс, үхэр мэтийн том ан амьтны шагайн нэр (үхрийн аргай).

Аргалцаг - төмөрлөгийн зүйлээр цутгаж хийсэн шагай.

Халцмай - алц туухайг нь билүүдсэн шагай.

Туухай - шагайны морин этгээд

Цэг - шагайны гэлрэгэн этгээд тал, бүг цэг няслах.

Бөг (бүг) - шагайны түрүүлгэн этгээд, зарим газар хонь, зарим газар ямаа ч гэдэг

Шагай засах - шагайг цэвэрлэж додомдох (мөлжих гэдэггүй).

Шагайн ач тус

Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог. Мөн багаар ажиллах, манлайлах, тэвчээртэй байх, авхаалжтай байх, зорьсондоо хүрэх, авьяас чадвараа нээж илрүүлэхэд нь тусалдаг.

Шагайн наадгайн төрөл нь өөрийн гэсэн дүрэм журамтай байдаг.Энэхүү дүрэм нь биеэ жолоодох удирдах, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэлийн хөдөлгөөнөө барих, хүчээ зөв хуваарилан эв дүйтэй болгоход сургадаг зэрэг олон давуу талуудтай.

Шагайн тэгш бус байдал нь гарын алган дахь мэдрэлийн цэгийг идэвхжүүлж дасгал болж өгдөг.  Урд зүгийхэн алгандаа хушга эргэлдүүлэх нь урт наслахын үндэс болдог гэж үздэг шиг.

Шагай наадгайг тоглосноор

·         Хараа сайжирна.

·         Сууж сурна.

·         Тэсвэр хатуужилтай болно.

·         Хожиж, хожигдож сурна.

·         Арга ухаан нэмэгдэнэ.

·         Дуугүй байж сурна.

·         Хүндрэл үзүүлж сурна учир нь насны эрэмбэ болон тойргоор тоглодог тул хүлээж сурна.

·         Авхаалж самбаа, хурд нэмэгдэнэ. Шүүрч тоглоход хурд хэрэгтэй шүү дээ.

·         Шагай харвах нь нум сумаар харвах гэрийн сургуулилт гэхэд хилсдэхгүй.

·         Шагай таалцахыг тоо бодлогод суралцах дасгал гэхэд болно.

Шагайг тоглоход тохиромжтой улирал гэж байдаг. Шагай өөрөө халуун чанарын амьд биет учраас идэр өвлийн хүйтэнг даван туулахад амь халуун өгдөг. Тиймээс аагим халуун зуны улиралд шагайгаар нааддаггүй.

Мэдээж айл бүр ямар нэгэн байдлаар шагайтай болох боломжтой. Тиймээс шагайг хаяж биш цуглуулж байгаарай. Алсдаа танд болон хүүхдүүдэд тань ашиг тусаа өгөх л болно.

 О.Бадамааням

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх