image

Л.Мандуухай: "Sound therapy" нь дорно дахины суурьтай хөгжмөөр ХОВС ХИЙХ ЗАСАЛ

Дүүрэн сав чимээгүй дуугардаг гэдэг дээ. Ярилцлагын зочныхоо зөөлөн харц, намуухан хоолой, тоглож буй хөгжимд аль хэдийн ховсдуулсан сууж байх шиг. Гэвч энэ ховсын үйл ажиллагааны жинхэнэ хэсэг биш. Харин түүний 'нэг хүн буюу хувь хүн өөрөө дотоод байдлаа мэдэрч, өөрийгөө олж чадах нь наанадаж л арван хүний тайван амьдралд эерэгээр нөлөөлж чаддаг" хэмээсний нэгэн баталгаа юм болов уу даа. Хамгийн сүүлд Билгийн ухааны шастир, Үхэлгүйн үүд, Агнистын гэгээ цуврал номуудыг уншсан. Хотын чимээ хүмүүсийг их ядраадаг, тиймээс аль болох байгалийн аяыг чихэвчээр сонсож явдаг гэх түүнийг ХЭН ЮМ БЭ гэх асуултад ээрэгдсээр... "Сэтгэлгээний эрх чөлөөнд дуртай, хайртай... Сүүлд залуу уран бүтээлчид нэгдэж conteporaryart үзэсгэлэн гаргасан. Миний бие ч "sound therapy"-р оролцсон юм. Үзэсгэлэнгийн гол зорилго бол аливааг яаж ч харж болох эрх чөлөөтэй сэтгэх тухай байсан..." гэх Мандуухайн урлагийг мэдрэх мэдрэмж болон анзаарсан бол "sound therapy" гэх зүйлийн талаар ярилцлаа.

***

Намайг Лхагвасүрэнгийн Мандуухай гэдэг. Нийгмийн ухааны багш мэргэжилтэй мөн сүүлд ОХУ-д "sound therapy" хөгжмийн  мэргэжлээр суралцаж төгссөн.  Сүүлийн 10 жилийн хугацаанд өөрийгөө олох, хөгжүүлэх, доторх хүнээ сонсох тэр зүйлд мэрийсээр ирлээ. Москвад амьдарч байх хугацаандаа тухайн орны соёл хийгээд иргэдийнх нь өөрсдийгөө хэрхэн хөгжүүлж буй зүйлс, сэтгэл зүй, түүнээс даваад бидний энерги, урлаг тэр дундаа хөгжимтэй хэрхэн уялдаа холбоотой байдаг юм бэ гэдгийг сүүлийн 4-5 жилийн хугацаанд судалж, суралцаж амьдралаа хөгжимтэй холбосон. 

Би өвөрмөц, сонирхолтой амьдрахыг эрмэлздэг. Ийм төрлийн хөгжмүүд байдаг гэдгийг мэдсэн цагаас эдгээр хөгжмүүдээ нэг нэгээр нь цуглуулж байв. Өглөө нар мандахыг харж, өдөртөө зураг зураад ч юм уу эдгээр хөгжмүүддээ бүрэн нийцэх сэтгэл зүй, цаг хугацааг хангалттай гаргаж өгдөг байсан. Маш мэдрэмтгий, аливааг хүндээр хүлээж авдаг, бусдаас илүү эмзэг сэтгэл зүйтэй байсан учраас өөрийгөө эмчлэх шаардлагатай байв. Тиймээс өөрийгөө эмчлэхийн тулд "sound therapy" буюу хөгжимөөр ховс хийх заслыг гүнзгий судалсан юм. Мэдээж одоо ярих гэж буй зүйлийг тэр бүр хүмүүс мэддэггүй. 

Хөгжимт засал: Бид сэтгэл зүй, сэтгэл заслын тухай бүүр түүрхэн мэдлэгтэй байдаг. Харин хөгжимт заслын талаар мэдэх нь барагтаа үгүй. Хөгжимт засал нь хөгжмөөр анагаах, эмчлэх тухай дорно дахины уламжлалт суурьтай, үр дүн нь гүнзгий сайн нөлөөтэй урлагийн төрлийн, шинжлэх ухааны үндэслэлтэй анагаах засал юм. 2000 оноос хойш баруунд буюу өрнө дахинд хурдацтай тархах болсон.

Хөгжимт засал нь дан ганц сэтгэл зүй биш бие махбодийн эрүүл байдлыг ч бий болгож, хадгалж чаддаг гүнзгий нөлөөтэй.

Хөгжимт заслын засалчид олон жилийн туршлага хөдөлмөрөөр бэлтгэгддэг. Дан ганц хөгжим тоглож чаддаг байх, бусадтай зөв харилцаа тогтоож чаддаг байхаас гадна мэдрэхүйн импрант чадвар өндөр байдгаараа давуу талтай.

💌 Өөрийн эргэн тойрондоо үнэлэгдэх, гоё сайхан харагдах, нийгэмдээ байр суурьтай байх гэм мэт зүйлсийг орхиод яг л өөрийнхөө дотор сэтгэлийг хөгжүүлэх нь миний зорилго байсан. Хүн цаг нь болохоор цэцэг шиг дэлгэрч бусадтай сайхан зүйлсээ хувааж эхэлнэ. Тэр болтол тодорхой хэмжээний замыг туулдаг. Хамгийн гол нь өөрийн дотор асаад байгаа гэрэл, мэдрэмждээ итгэж чадвал хүссэн өөртөө хүрнэ. Яг одоо миний хийж байгаа ажил бол тийм л гэрэлтэй, миний хүссэн мэдрэмжүүдийн нийлбэр мөн. 

Эхлээд өөрийгөө мэдрэх, сэтгэл зүйгээ удирдах чадвараа бүрэн олж авсны дараа буюу сүүлийн гурван жил бусадтай харилцах, хөгжимт засал хийх болсон. Бүлгийн болон ганцаарчилсан заслаар хэдэн зуун хүнд нөлөөлсөн ажлын үр дүнтэй байна. Хүмүүст янз бүрээр сэтгэл зүйн өөрчлөлт илэрдэг. Жишээлбэл, хүүхэд насны трама. Багадаа авдаг байсан хүнд зүйлс, гомдол шаналал, айдас, сэтгэл зүйн блокууд, өөрийгөө голох, итгэлгүй байдал зэргээс үүдсэн гэх мэтчилэн таны дотор нуугдаж таныг тавгүй болгож буй зүйлийг олж анагаадаг гэсэн үг. Нөгөө талаар хөгжмөөр ховс хийгээд байгаа юм лдаа. Энэ нь цаашлаад транст оруулах буюу хүний далд ухамсарт байх зүйлсийг ил гаргаж өгснөөр даруй бүхий л бие сэтгэлээрээ хөнгөрч тайвширдаг. Тиймээс ч "sound therapy"-аар сэтгэл зүйн илүү хүнд хүмүүст хүрч ажиллая гэж бодож, зорьдог. 

Хөгжимт засалд хэрэглэгдэх хөгжмүүд нь Энэтхэг, Төвөдөөс гаралтай 2000 оноос хойш бүтээгдсэн тусгай, гар хийцийн 4-5 төрлийн холимог төрлүүдээс бүрддэг. Голлох 2-3 хөгжимтэй. Бусад нь чимэг хөгжим болж явдаг. Ховс хийх засал 60 минутын турш үргэлжилнэ. Засал үргэлжлэх хугацаанд хүн тухтай орчинд, хэвтээд хөгжмийн хэмнэлээр ховсод ордог гэсэн үг. Эхлэлийн хөгжим нь тархийг амрааж, илүү зөөлөн хэмнэлээр тайвшруулах үйлчилгээтэй гэх мэт өөр өөр хөгжмүүдийн үүргийн тусламжтай засал явагдана. Тэдгээрийг тусгай нот гэхээс илүүтэй өөрийнхөө мэдрэмжээр тоглоно.

Хөгжим яагаад бидэнд ийнхүү хүчтэй нөлөөлж, эмчилдэг вэ гэхээр хөгжмөөс гарч буй долгион, давтамжаас шалтгаалдаг. Сүүлийн үед барууны дуунууд 444 герцээр хийгддэг байсан бол одоо 432 герц болж, сонсоход тааламжтай нөлөөтэй болсон. Тэгэхээр тэр дуунууд нь илүү хит болоод байгаа юм. Бидний биеийн 70 хувь нь уснаас бүрддэг. Үүнд хөгжмийн зэмсэг тэрхүү усыг удирдан анагаах увдисыг давтамж, долгионоор өдөөж, цаашлаад эсийн төвшинд сэтгэл зүй болоод биеийг анагаах эгшнүүдийг ялгаруулдаг. Долгион, давтамж нь усанд очиход буюу бидний бие махбодод очихдоо хүлээн авах чадамж өндөртэй. Энэ нь юу бодож, юу хэлэхээс шалтгаалаад бид өвчлөлийг бий болгоод байгаа юм. Өвчний 90 хувь нь стресс, сэтгэл зүйн таагүй байдлаас болж үүсдэгтэй холбоотой гэсэн үг.

💌 Намайг буюу "sound therapy"-ийг зорин ирж буй дийлэнх хүмүүс маш их бодолд дарагдсан ирдэг. Стресс болон сэтгэл гутралд өртсөн нойргүйдэлтэй хүмүүс... Мэдээж тэд өөртөө итгэлгүй, амьдралын идэвх нь буурчихсан байдаг. Эмчилгээгээ хийлгэсний дараа олон зангилаагаа тайлж, хүлээснээсээ гарах шиг мэдрэмжийг авдаг гэсэн сэтгэгдэлтэй буцдаг. Мөн сэтгэл зүйн эрүүл шинжид орж, нойргүйдэл эмчлэгддэг. Мөн эргэн тойрныхондоо, гэр бүлийнхэндээ эерэг нөлөөг үзүүлдэг. Нэг хүний эерэг нөлөө хамт буй хүмүүстээ сайхан харилцааг бий болгодог шүү дээ.

Хорио цээрээс шалтгаалаад "sound therapy"-г тогтвортой хийсэнгүй. Албан газар болон зарим нэг үйл ажиллагааны хөтөлбөрт уригдаж байсан. Харин одооноос албан ёсны төв байгуулж, үйл ажиллагаа тогтвортой явуулах бэлтгэл ажилтай байгаа. Үүнд зорин ирэх хүмүүс долоо хоногийн гурван өдөрт ч юм уу, ажлаа тараад эсвэл өглөө ажилдаа явахаас өмнө эрч хүч, тайван байдал, зөв энергиэ тэтгээд байх боломжтой гэсэн үг. Монголд хөгжимт засал нь шинэ зүйл учраас таниулах хэрэгтэй байгаа. Мөн багийн бүрэлдэхүүн гэхгүйгээр миний бие ганцаараа энэ зүйлийг монголдоо хийж байна. Яваандаа эрэлт хэрэгцээндээ хүрвэл шавьтай болно байх. Гэхдээ энэ зүйлд өөрийгөө маш сайн бэлтгэх хэрэгтэй гэж үздэг. Олон жилийн бэлтгэл, туршлага, олон талын чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай.

Дээр хэлсэнчлэн аливаа арга хэмжээнд "sound therapy"-г зочдод сонсгож таниулахад гайхах, тайвшрах мэдрэмж нь зэрэг төрдөг шиг... Хөгжмийн үзүүлбэр дуусахад дахин тоглохыг хүлээсээр л байдаг. Алгаа ташихаа бараг мартдаг. Өнөөгийн эрин зуунд хөгжингүйн дэвшилд тэмүүлж байгаа залуу үеийнхэнд өөрийгөө эхлээд хайрлаж байж зорилгодоо хичээх арга ухааныг хөгжимт заслаар бий болгож болохыг анзаарсан.

Бүх зүйлс хэмжигддэг, цагтай уралддаг, шаардлага өндөртэй нийгэмд бид амьдарч байна. Шалгуур бүрд нь хүрэх гэж л бид ядраад байгаа юм. Юм болгоныг биелүүлэх гэсэн хүслэн эргээд биднийг орчин үеийн өвчин гэх стресст хүлээд байна. Ийм байх ёстой гэсэн хайрцагт л битгий ороосой гэж хүмүүст хүсдэг. Хүн амын дийлэнх нь стресст өртсөн улс амиа хорлолтын тоогоороо тэргүүлдэг. Тэдгээр тэргүүлэх улсуудад стресс тайлагч гэсэн мэргэжилтнүүд хүртэл байдаг. Манай улсад ч сүүлийн жилүүдэд амиа хорлолт нэмэгдэх болсон. Үүнд эрэгтэйчүүдийн амиа хорлолт дийлэнх хувийг эзэлдэг. Энэ бол өнөөх л шалгуур тавьсан хэм хэмжээнд хүрч чадахгүй байх стрессээс үүдэлтэй. Сэтгэл зүйн эрүүл мэнд болон амиа хорлолтын сэдлийг бууруулахын тулд хүн төвт үзлээсээ гажуудахгүй, тэдэнд зөвлөгөө, эмчилгээг цаг алдалгүй хүргэж байх нь чухал. Хүнд сонголт хийх боломжийг ч олгох хэрэгтэй. 

Нэгдүгээрт, хүн өөрийгөө хэн гэдгийг бүрэн ухамсарлаж юу хийхээ мэддэг, нөгөө талд өөрийгөө хайсан, эргэлзээ тээнэгэлзлээр дүүрэн, дутуугийн мэдрэмж өндөртэй явах гэсэн утгат хуваагддаг. Хүсвэл нэгдүгээрх утгат бүрэн нийцэх боломжтой. Үүнд, юун түрүүнд өөртөө туслах алхмуудыг хийх нь зөв. Өөрийгөө сонсох, таньж мэдэхэд хичээх... мөн сэтгэл зүйн байдалдаа туслах далд зөн совингийн чадваруудыг ямар ч хүн эрэлхийлэх нь чухал. Бид дотоод хүн гэж их ярьдаг, тиймээ. Дотоод хүн бол тэрхүү зөн совингийн хүч хийгээд олж авсан ур чадваруудын нийлбэрээр хүчирхэгжсэн байдлаараа хүссэн дотоод хүн болж чаддаг.

https://www.instagram.com/mandmanda6/

💌 Бидний амьдарч буй хорвоо ертөнц маш олон өнгөтэй. Бодол өнгөтэй. Хүнд хэцүү, болж бүтэхгүй зүйлсийг бараан өнгөөр зүйрлэдэг шдээ. Ер нь аливаад дээш дэвшиж эерэгээр нөлөөлдөг болох хүртлээ хүний дотоод өнгө илүү цайрч гэрэлтсээр байдаг. Харанхуй зүйл гэж байдаггүй. Орой болсон ч гэсэн сар заавал байдаг. Сүүдэр бол харанхуйн тусгал учраас бидэнд тохиолдох хар бараан зүйлс бол түр зуурынх. Гэрэл байгаа болохоор бүх зүйлст зөв тал, сайхан чанар байдаг гэдэгт итгэдэг. Нар, сар, од, үүл, солонгын өнгө бүр гэрэл. Ингээд үзэхээр байгаль өөрөө гэрэл. Бид ч байгалийн нэг хэсэг гэдгийг ухамсарлах нь зөв. Тиймээс би бол байгалийн л өнгө.

Хүний баруун тархи урлаг, гоо сайхан, зөв мэдрэмж, хайр гэсэн зүйлст хөгжсөн байдаг бол зүүн тархи нь логик сэтгэлгээн дээр тулгуурладаг буюу нийгмийн тооцоолох зүйлс дээр суурилдаг. Тэгэхээр урлаг зүрхтэй илүү ойр. Мөн эрх чөлөөтэй учраас жинхэнэ мөн чанарыг нь ойлгосон хүмүүс татагддаг байх... Хайр ийм дүрстэй, ийм зүйл байдаг гэж тодорхойлох зохимжгүй. Үнэнээсээ мэдэрч байгаа бүхэн хайр болдог. Тиймээс л урлаг хүнийг өөрчилдөг, эмчилдэг.

Миний хийх орон зай байвал би энд бүх зүрх сэтгэлээ зориулна гэсэн хандлагатай хүнд бүхий хаалга нээлттэй байдаг.

 

 

6 Сэтгэгдэл:

  1. QMH8Z2 <a href="http://pohdbygqkqge.com/">pohdbygqkqge</a>, [url=http://hocfpjbbtqlc.com/]hocfpjbbtqlc[/url], [link=http://wlvhsppvnkcs.com/]wlvhsppvnkcs[/link], http://sjcunbabllye.com/

  2. Manduhai utas 99074633

  3. omg 😱 demjdeg shu

  4. humanz dandaa goy humuustei yriltsdag shu amjilt husie

  5. Маанда Мандуухй fb

  6. хаашаа холбогдох уу

Сэтгэгдэл илгээх