image

БОДЛЫН ӨРӨӨ | Цас орохыг хараад баярласандаа гунигаа мартчихлаа

Амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилсээр. Ажлын цонхоор харах бүрд л их хотын түгжрэл, утаанаас үүдэлтэй бүүдгэр орчин.

Гэхдээ өнөөдөр тэдгээрээс ч илүү сэтгэл гонсойлгосон зүйл харагдсан нь өнгөө алдаж гандсан, нүцгэн модод байлаа. Тэдгээр моддыг хараад миний сэтгэлд хөнгөн гуниг төрсөн. Бид хоёулаа буцаад өнгө орж гэрэлтэх тэр мөчөө хүлээж байгаа. Мэдээж гуниг үргээж, сэтгэл сэргээх зүйл зөндөө байдаг ч миний бие сэтгэл хүлээж авах хүсэлгүй байсан бололтой. Хүн бүр л ойлгомжгүй сэтгэл хөдлөлд автдаг шүү дээ. Гэхдээ энэ тийм ч удаан үргэлжлээгүй юм. Миний нэг үдшийг амь оруулсан тэр гайхалтай мэдрэмж хаанаас эхэлсэн бэ гэвэл. Дадлагаа тараад харьж явах замд автобус хүлээж тэсэлгүй сүлжээ дэлгүүр орсон юм. Тэндээс хэрэгтэй зүйлээ аваад л гаръя  гэж бодсон. Эмэгтэй хүн чинь дэлгүүр орохоороо гарахаа мэдэх биш дээ. Энийг авах уу, тэрийг авах уу гээд баахан эргэлзэнэ. Заавар энэ тэрийг нь нэг нэгэнгүй уншсаар байтал хэдэн минут өнгөрснийг ч анзаарсангүй. Ямартай ч худалдан авалтаа хийгээд гараад ирсэн чинь цас дөнгөж бударч байна шүү. Тэнгэр лүү харах тэр хэдхэн секундэд сэтгэл санаа өргөгдөөд л ирсэн. Жаахан байхдаа шинэ жил болох дөхөхөөр догдолдог байсан шиг. Мартах дөхсөн тэр мэдрэмж намайг эзэмдсэн. Би хамгийн сүүлд хэзээ мэдрэмжээ чөлөөлсөн юм бол оо. Мартаж орхижээ. Амьдралаас таашаал авах, амьдарч байгаадаа баярлах тэр зүйлийг мэдрэмж гэж нэрлэж болох юм. Цас хараад хэт их баярласан болохоор автобус хүлээлгүй гэр лүүгээ алхахаар шийдлээ. Тэндээс ч манайх хол байгаагүй юм л даа. Сайндаа л хоёр буудал газар явна. Хүмүүстэй чихэлдээд тавгүй явж байснаас даараад ч болтугай дураараа дуулаад алхаж байсан нь дээр гэж бодсон юм. Чихэвчээ зүүгээд дуу тавих гэтэл сонсож явдаг хуучин дуунууд нэгэн хэвийн, уутгартай санагдав. Миний чих өвөлтэй холбоотой дуу сонсмоор байна гээд ч байх шиг. Хамгийн түрүүнд санаанд буусан дуу бол шөнө дунд цас орж байна гэдэг хайрын дуу. Гадаа харанхуй, гудамжны гэрлүүдийн дор будрах цасыг харах ямар тайван амгалан байсан гэж санана. Хүний хөл ч цөөн байсан. Хэн л над шиг цасанд дуртай байв гэж дээ гэх бодол миний толгойд зурвасхийн ороод гарсан. Автоматаар солигдох дуу арван жилийн дурсамж сэдрээгээд хүүхэд байсан үеийнхээ гэгээн дурсамжаараа аялаад сайхан байлаа. Ингэж  л миний гуниг ул мөргүй алга болсон юм. Эмэгтэй хүн их сонин шүү. Жижигхэн зүйлээс болж гуниглаад бас яах ийхийн зуургүй баярладаг. Үүнийг уншиж буй танд надад тохиолдсон шиг гуниг нөмөрсөн бол нэг орой дуртай дуугаа тавиад дуулаад алхаад үзээрэй. Мэдээж над шиг алхаж явахдаа дуулах дуртай бол шүү дээ. Бага ч болов нэмэр болно гэж найдаж байна.

О.Бадамааням

4 Сэтгэгдэл:

  1. <a href="https://doxycycline2022.top">buy doxycycline without dr prescription</a>

  2. comment bichij boldog ym baina kk

Сэтгэгдэл илгээх