image

CRYPTOTUUKH | Монголчуудын цайны соёлын тухай

Монголчууд сүүтэй цай, хар буюу бор цай, хийцтэй цай, банштай цай, хярам гээд олон төрлийн цай уудаг. Тус бүрдээ ундаа болохоос гадна ядаргаа тайлах, тайвшруулах, биеийг хоргүйжүүлэх, дархлаа дэмжих тус эрдэмтэй. Өвөг дээдэс маань эрт дээр үеэс байгальд ургадаг зуу гаруй ургамлыг таньж цай орлуулан хэрэглэж ирсэн. Эдгээрийн дотор хөвөн оройт, мягмарсанж, нохойн хошуу, цээнэ, өрөл, гичгэнэ, бүйлс, пагдгар бадаан, сөөгөн боролзгоно, гоёо, алирс, сөд өвс, тэхийн шээг зэрэг олон зүйл ургамал байдгийг тогтоожээ. Цай бадган, халууныг арилган, ундаасахыг зогсоож, идээг шингээн, хийг уруу арилгаж, оюун ухааныг сэргээж, нойрыг багасгадаг ажээ. Мах, тосны хэрэглээ өндөртэй манай орны нөхцөлд цайгаа ууж байх нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай. Цай нь махны уураг, өөх тосыг шингээхэд чухал нөлөөтэй. Орчин үед бусад орны эрдэмтдийн судалгаагаар цай нь дархлаа тэтгэх, биеийг хоргүйжүүлэх, цэвэрлэх, элэг бөөрний үйл ажиллагааг дэмжих, хамгаалах, бодисын солилцоог сайжруулах, алжаал тайлах тайвшруулах үйлдэлтэй болохыг тогтоогоод байна.

Монголчууд олон төрлийн цай чанаж уудаг. Түүнээс дурдвал,

Сүүтэй цай

Цайгаа хүйтэн усанд хийж давстай уудаг бол давсаа хийж буцалсных нь дараа, шар тос эсвэл цөцгийн тос, сүүгээ хийн самарч болгоно.

Хийцтэй цай

Халуун тогоонд шар тос эсвэл нимгэн хэрчсэн хонины сүүл хайлуулан дээр нь бага зэргийн гурил цацаж хуурмаглаад идээшүүлж тунгаасан /шааргүй/ цайгаа хийж, сүүгээ нэмж самарч буцалгана.

Будаатай цай

Будаагаа /шар будаа ч болно/ угааж ууранд хийн нүдэх, эсвэл махны модон дээр элдүүрээр дарж бяцлаад цөцгийн тос юмуу сүүлэнд хуурч /бага зэрэг гурил цацаж өгвөл бүр сайхан болдог/ болгоод идээшүүлж шүүсэн цайгаа /хар, сүүтэй цай/ хийж зөөлөн гал дээр буцалган будаагаа болгоно. Будаатай цайг олон дахин сайн самарвал төдий чинээ амттай болдог.

Хонины сүүлтэй цай

Нимгэн хавгай хэрчсэн хонины сүүлийг тогоондоо хийж бага зэрэг хайрч, гурил будааны аль нэгийг нэмж дээр нь идээшүүлсэн хар цайгаа хийж сүлээд давсаар амталж сайн самарна.

Борцтой цай

Идээшүүлж тунгаасан цайн дээр нунтаг борц /нунтаг биш ч байж болно/ , сүү, давс, нэмж буцалгана. Мөн хийцтэй, будаатай цайнд ч борц хийж болно.

Халгайтай цай

5, 6 сард халгайг 4-6 салаа болтол дөрвөн хуруу орчим өндөр ургасан нялх үед нь түүж хатаана. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд бага зэрэг хуурч сүүтэй цайндаа хийж сайн самарч буцалгана.

Чөмөгний ястай цай

Хонины чөмгийг хугалж цайндаа хийн буцалгана. Ясыг сүүгээ сүлэхийн өмнө хийж буцалгах ёстой. Энэ цайг ядаргаа тайлах цай гэдэг.

О.Энхмөрөн

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх