image

Бодлын өрөө | Ганцаардлаас зугтаахдаа хань татсан хүнээ хайр гэж эндүүрэх нь олон

Хайрыг бид бүгд өөрийнхөөрөө тодорхойлдог. Гэхдээ бүх хүний санал нийлэх зүйл бол жинхэнэ хайр ямар ч баггүй байдаг. Хайртай хүнийхээ өмнө багаа тайлан, заримдаа өөрөө ч танихгүй өөр нэгэн чи болон хувирах...

Гэхдээ хайр чамд эрх чөлөөг өгөхийн хэрээр өвтгөнө. Хэр удаан цаг хугацааг хамт өнгөрүүлсэндээ бус, хэр их чөлөөтэй хайрласан бэ гэдгийн хэрээр, салах цаг ирэх үед төдий чинээ өвтгөдөг, зовоодог. Тэгээд л өөр нэгнээр орлуулсан ганцаардсан, дассан сэтгэлээ хайр гэж эндүүрнэ. Хүн гэдэг хайр сэтгэлийн өмнө хэтэрхий дорой. Өөрийгөө ч мэдэхээ байдаг, хайрласан уу, сэтгэл татагдсан уу, дассан уу аль нь гэдгээ ч мэдэхгүй төөрнө.

Хаа нэгтээ, аль нэг цаг үед хайр гэж андуурах хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар чи бид учирна. Чи намайг эсхүл би чамайг олж харна. Харц тулгарнадогдолно, инээмсэглэнэ, ичингүйрнэ. Итгэл төрнө. Чи над руу нэг бол би чам руу бичиж эхэлнэ. Хоромхон зуур л урт удаан хугацаанд биесээ мэдэх, хэзээний танил хүмүүс шиг дотносно. Би чамгүйгээр үгүй бол чи надгүйгээр өдрийг өнгөрүүлж чадахгүй болно. Би чиний талаар эсвэл чи миний талаар хангалттай ихийг бодож төсөөлнө. Тэгээд...

Тэмүүлнэ, уулзана, уучирна. Нэгэн шөнийг, нэгээхэн цаг мөчийг хамт өнгөрөөнө. Сэтгэл амарна. Би чамайг аль эсвэл чи намайг илүү их мэдэхийг хүснэ. Ярилцана. Үнэнээ мэдэлцэнэ. Үнэний өмнө бууж өгнө. Ганцаардлаас л боллоо гэж дотроо бодно. Харамсана. Халаглана. Өвдөнө. Хайрыг үзэн ядна. Бүр байдаггүй, байгаад ч хэрэггүй гэж бодно. Ахиад л өөрөө өөрийгөө буруутгана. Хүнд итгэх, хайрлах бас хайрлуулах амаргүй болохыг хэн хэн маань ойлгоно. Ухаарна. Санаа алдана. Улам ихээр ганцаардана.

Нэг тийм хайр мэдрүүлдэггүй харилцаа байдаг аж. Заримдаа бүр нэг биш нэлээд хэд байхыг яана гээ. Учрал, тохиол бүр өөр байдаг ч бид учрал бүрээ сүүлийнх бөгөөд үүрдийн байгаасай гэж хүсдэг нь нууц биш. Гэвч хэн нэгний амьдралын үүрдийн хань, хайрын бурхан, инээх шалтгаан байхыг хүсэж байвч би өөрөө алдаатай, би өөрөө асуудалтай, би өөрөө болдоггүй бол яах вэ. Тэгэхээр хариулт бол би алдаатай, асуудалтай, болдоггүй нэгнийг нь олж авна. Тэгээд бидний харилцаа анхандаа яг л бал сар шиг байна. Бүх зүйл маш сайхан. Ямар удаан энэ харилцааг, энэ хүнийг хүсэж хүлээгээвээ, одоо л нэг гэж бодно. Би ийм эрхтэй гэж өөрийгөө өмөөрнө. Би түүнийг, тэр намайг олсондоо баярлана. Гэвч… хасах хасахын нэмэх биш хасах цэнэг, хасах цэнэгтэйгээ үл таталдана, харин ч түлхэлцэнэ.

Тэгэхээр яах хэрэгтэй вэ, би өөрөө сэтгэл зүйн хувьд эрүүл, би өөрөө зөв, би өөрөө өөрийгөө олох шаардлагатай байх нь. Эс бөгөөс өөрийн жаргалын төлөө бүхэл бүтэн хүний нэг насны амьдралыг баллаж орхивол яана. Хайран шүү дээ. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх