image

"Six Feet" | “Хүн төрөлхтний эдгэшгүй тахал бол ковид биш харин ШУНАЛ”

"Дэжа ву", "Өртөө", "Аз Жаргал", "The Call" зэрэг бидний мэдэх олон бүрэн хэмжээний болон богино хэмжээний кинонуудаар үзэгчдэд танигдсан Б. Чингүүний цоо шинэ бүтээл болох "Six Feet" киноных нь тухай ярилцлаа. 

- Шинэ уран бүтээл өлгийдөн авсанд баяр хүргэе. Хэзээ зохиол нь бичигдсэн кино вэ?

- Зохиолоо 2020 оны хавар Америкт ид Ковид-19 өвчин гараад бүгд хөл хорионд байх үед санаагаа бодож олоод, хоёр сар сууж бичсэн. Бүх зүйл хязгаартай байсан учир боломжиндоо тааруулж бичсэн. Обьектийн, жүжигчний, мөн арын албаны хүн хүчний хувьд ч тэр.

- Миний харснаар зуун хувь Америкт зураг авалт нь хийгдсэн байсан. Монголоос өөр газар, тэгээд цар тахлын үед зураг авалт хийхэд ямар бэрхшээл тулгарч байсан бэ?

- Хамгийн том бэрхшээл бол тухайн үед бүх юм хаалттай байсан. Кино бол багийн ажил байдаг. Бидэнд арын албанд ажиллах уран бүтээлчид хомс байсан учир нэг хүнд нэлээд хэдэн ажил оногдож байсан. Бид хэд гадаа буутай, маргаантай зургийн үеэр нэг хүн андуураад цагдаа дуудсан байсан. Тэгээд гэнэт хаанаас ч юм 10 гаруй цагдаагийн машин орж ирээд бидний бүслэж авч байсан. Яг л нөгөө Америк кинонд гардаг шиг.

- Хүн хүч бага байсан гэхээр ойролцоогоор хэдэн хүн ажилласан бэ?

- Арын албанд нийтдээ 10 гаруй л хүн ажилласан. Зураг авалт нэг сар гаруй үргэлжилсэн. Тэгээд жүжигчид нэмэгдэнэ.

- Жүжигчдийн бүрэлдэхүүн их сонирхолтой санагдаж байна. Зарим нь мэргэжлийн жүжигчин биш хэрнээ чадварлаг тоглож байх шиг харагдсан. Ямар хүмүүсээр жүжигчдийн багаа бүрдүүлсэн бэ?

- Би өмнө нь Америкт таван жил амьдарч байсан юм. Тэр үеийн Америк найзууд маань реп хамтлаг байгуулаад уран бүтээлээ хийж эхэлсэн байсан. Нэг үгээр хэлбэл жүжигчид биш, дуучид юм. Харин нэг л мэргэжлийн жүжигчин байсан нь жүжигчин Сэлэнгэ болон Болдбаатар хоёр. Гэхдээ 20 жилийн өмнө Соёл урлагийн их сургуульд жүжигчнээр сурч дөнгөж төгсөөд Америкт ирээд одоог хүртэл нутаг буцаагүй Америкт амьдарч байгаа юм. Болдбаатар урлагаас нэлээн холдсон хүн л дээ.

- Эзэмшсэн мэргэжлээрээ анх удаа ажиллахад сэтгэгдэл их өндөр байсан байх даа?

- Унтаж байсан лууг сэрээлээ гээд л байгаа. Дараагийн уран бүтээлээ ярилцаж байгаа. Болдбаатар энэ киноны продюссерээр ажилласан.

- Монголын үзэгчдэд толилуулахаас өмнө Америкт нээлтээ хийсэн. Хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?

- Уг нь кино маань нэлээн эрт дууссан байсан. Гэвч ковидоос болоод цагтаа нээж чадаагүй. Манай киноны гол бай нь Монгол үзэгчид байсан. Тийм болохоор бид Америкт амьдарч байгаа элэг нэгтнүүддээ үзүүлсэн. Америкийн Монголчууд их таатай хүлээж авсан. Учир нь тэд эхлээд ковидын тухай гарна гэж төсөөлж байсан. Харин агуулга нь ондоо байсныг үзээд ойлгосон. Манай кино хоёр янзын төгсгөлтэй.

- Яг ямар хоёр янзын төгсгөлтэй хийсэн бэ?

- Монгол орныг санагдуулах төгсгөл хийж өгсөн юм. Маш их уянгалаг талруугаа төгсгөл болсон гэж ойлгож болно. Харин энд байгаа үзэгчиддээ зориулж Америк маягийн төгсгөл оруулж өгсөн.

- Монгол үзэгчдийн онцлог таныхаар юу вэ?

- Одоогийн мэдээллийн эрин зуунд манай үзэгчид маш их мэдрэмжтэй, бас уран бүтээлийн сайн, мууг ялгаж салгадаг болсон. Тэд дүнгээ тавина.

- Өмнөх бүтээлүүдийг харахад өөр хоорондоо их ялгаатай, шинэ зүйлийг их туршиж үзэж байх шиг харагддаг. Энэ киноны бусдаасаа ялгарах онцлог юу вэ?

- Энэ бол миний 100 хувь гадаадад хийсэн уран бүтээл. Мөн киноны жанрын хувьд шинэлэг. Өмнө нь ихэвчлэн драм төрлийн кино хийдэг байсан бол энэ удаад адал явдалт, тулаант болгож өгснөөрөө шинэлэг болсноороо давуу талтай.

- Тулаант кино анх удаа хийхэд ямар туршлага хуримтлуулсан бэ?

- Экшн кино нэлээн их монтаж, хурдтай ритм, мөн үйл явдлыг сайтар бодох шаардлагатай болдог юм билээ. Гэхдээ манай кино цэвэр тулаант кино бас биш л дээ. Драм төрлийнх болохоор өмнө хийж байсан бүхэнтэй дөхөм байсан.

- Монгол кино олон улсад зарагддаг болоход одоо бидэнд юу дутаад байна?

- Пост продакшн маш их чухал байна. Мөн дуу, өнгө их чухал байна. Тэр тал дээр боловсон хүчнээ сайн бэлдэх хэрэгтэй юм болов уу. Мэргэжлийн боловсон хүчин хангалттай байж, өрсөлдөөн үүссэнээр чанартай бүтээл гарах суурь тавигддаг гэж боддог.

- Хүмүүс өөрийнхөөрөө дүгнэх байх. Найруулагч, зохиолчийн зүгээс хэлэхэд энэ киноноос үзэгчид юуг ойлгож аваасай гэж бодож байна?

- үн төрөлхтний эдгэшгүй тахал бол ковид биш харин ШУНАЛ”. Үүнийг л ухамсартаа суулгаад, харах өнцгөө өөрчлөөсэй гэж хүсч байна.

- Дараа нь ямар уран бүтээлээр үзэгчидтай уулзах төлөвлөгөөтэй байна?

- Одоо VOO-тэй хамтран "Love & Sex" гээд олон ангит киноны хоёрдугаар улирлын зураг авалт дээр ажиллаж байна. Мөн хоёр жилийн өмнө Хонконг-ийн уран бүтээлчидтэй хамтран хийсэн "Enlightened" киноны пост продакшны ажил гээд төлөвлөгөөний дагуу явж байна даа.

- Танд баярлалаа. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх