image

SEX EDUCATION | Охидын эмчийн тусламж хэзээ хэрэгтэй вэ

Өсвөр насны охид охидын эмчид эсвэл өвдсөнөөс, эсвэл ямар нэг шинэ мэдрэмж үүссэнээс болж ханддаг. Томчуудын асуудал үүсээгүй байхад эмэгтэйчүүдийн эмчид очих хэрэгтэй юу?

Ер нь аль болох эртхэн л үзүүлбэл зүгээр. Өсвөр охид эмчид ихэвчлэн өөрсдийн бэлгийн бойжилттой холбоотой асуудлаараа ханддаг бол бүр бага насны охидын хувьд эцэг эх нь шийддэг. Гуравхан настай охинд эмэгтэйчүүдийн эмчид очих хэрэг юусан билээ. Эмэгтэйчүүдийн өвчнөөс хүүхэд насанд нь урьдчилан сэргийлэх нь илүү хялбар байдаг. Охид хөвгүүдийг бодоход тэвчээртэй, өвчнийг даваад гарчихдаг гэсэн ойлголт буруу юм. Хэрэв орчин цагийн охидын тухай яривал хөвгүүдээ бодоход тэд ямар нэг хямрал, архаг өвчнөөр илүүтэй өвчилдөг байна.

Насанд хүрээгүй охидод эмэгтэйчүүдийн эмч яагаад хэрэгтэй вэ?

Наснаас үл хамааран охид бүр насанд хүрсэн эмэгтэйчүүдийн адил умайтай байдаг. Дөнгөж төрсөн шүд ч үгүй, үс ч үгүй охинд умай, умайн хүзүү, өндгөвч байдаг. Нэгэнт эрхтэн нь буй бол ямар нэг өвчин байж болно гэсэн үг. Мэргэжилтнүүдийн судалгаагаар сургуулийн өмнөх насны болон өсвөр насны охидын 15-25% нь эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчнөөр өвддөг. Энэ нь бэлэг эрхтний үрэвслээс эхлэн уйланхай, миома, сарын тэмдгийн хямрал гэх мэт. Эдгээрийг цаг алдалгүй оношилж эмчлэх шаардлагатай. Ингээгүйгээс охидын эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, хожуу буюу төрөх насанд нөхөн үржихүйн үйл ажиллагаа хямарч болзошгүй.

Охидыг хэзээ хамгийн анх эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй вэ?

Дөнгөж төрмөгц гадна бэлэг эрхтний үзлэг хийж, нярайн хүйсийг тодорхойлдог. Сургуульд орох үе буюу 5-6 насанд, сарын тэмдэг ирсэн үед буюу 11-12 насанд охидын эмчийн үзлэгт хамруулдаг. 14 наснаас хойш бол охид өөрөө юм уу эцэг эхтэйгээ жилд нэг удаа охидын эмчид үзүүлэхийг зөвлөдөг. Охидын зовиур болон ямар нэг хэвийн бус шинж тэмдгээс үүдэн үүнээс ч өмнө үзүүлж болно.

Охидын эмчид хандах ямар үндсэн шалтгаанууд байдаг вэ?

17-18 насны охид эмчид хандах үндсэн шалтаг нь сарын тэмдгийн саатал юм. Энэ дохиог анхааралгүй орхиж болохгүй, учир нь охин жирэмсэн болсон байж болзошгүй. Эмч охинд (бүсгүйд) хамгаалалтын ямар арга тохиромжтойг сонгох боломж олгохын тулд охидын эмчид уг нь бэлгийн амьдрал эхэлсний дараа бус өмнө нь ирвэл ухаалаг алхам болох билээ.

Түүнчлэн үтрээнээс шар ногоон, хүрэн өнгөтэй ялгадас гарах, эвгүй үнэртэй байх, гадна бэлэг эрхтэн орчим загатнах шинж тэмдгийг анзаарахгүй орхиж болохгүй.
Эдгээр аюултай шинж тэмдэг нь хөхүүл наснаас эхлээд өсвөр насны охидод ч тохиолдож болно. Охидод 6-7 насанд хөх нь томрох, умдаг суганд үс ургах юм уу 14 нас гэхэд эдгээр шинжийн аль нь ч илрэхгүй бол охидын эмчид үзүүлж шалтгааныг тогтоох хэрэгтэй. Бэлгийн бойжилт хугацаанаас түрүүлэх эсвэл хоцрох нь дотоод шүүрлийн ямар нэг өвчинтэй холбоотой байх нь олонтаа. Ялангуяа сарын тэмдгийн хямралыг анхаар.

21, 24, 28, 32 хоногийн зайтай давтагдаж буй сарын тэмдгийг хэвийн гэж тооцдог. Сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа 7 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Үүнээс удаан үргэлжлэх, тогтворгүй, өвчтэй, эсвэл хэт ихээр ирвэл заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Сарын тэмдгийн хэмнэлийг тогтоохын тулд охид хуанли хөтлөх бөгөөд сарын тэмдгийн эхний ба сүүлийн өдрийг тэмдэглэж, өвдөлттэй байсан эсэх, хэр хэмжээгээр ирснийг тусгайлан тэмдэглэнэ. Энэ нь шаардлагатай үед эмчид юунаас болж сарын тэмдэг хямарсныг тогтооход чухал мэдээлэл болно.

Сарын тэмдгийн үед байнга өвдөх, эрт ирэхэд сандрах хэрэг байна уу?

Гурван охины нэг нь сарын тэмдгийн эхний өдөр хэвлийн доогуур хүнд оргих, татаж буюу базалж өвдөх шинжийг мэдэрдэг бөгөөд энэ нь умайн дутуу хөгжилтэй холбоотой байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд энэ нь алга болох буюу багасдаг. Гэхдээ яг өвдөж байх үедээ охидод хэцүү байдгийг хүлээн зөвшөөр. Сарын тэмдэг маш их өвдөлттэй ирдэг охид бүр босч чадахгүй байвал хүлээх буюу дураараа ямар нэг өвдөлт намдаах эм хэрэглэж болохгүй. Ийм эмчилгээ ямар үр дагавартайг хэн ч таашгүй. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь эмэгтэйчүүдийн өвчинтэй холбоотой байх нь олонтаа.
Бэлэг эрхтний гаж хөгжил, дайврын архаг үрэвсэл, бэлэг эрхтний сүрьеэ, эндометриозын шинж тэмдэг байж болно. Иймээс сарын тэмдэг нь хүчтэй өвдөлттэй ирдэг охид охидын эмчид заавал үзүүлэх шаардлагатай.

Турах, өлсөх сонирхол бэлгийн хөгжилд нөлөөлөх үү?

Орчин цагийн охид туранхай гоолиг, нарийн бүсэлхийтэй, хавтгай гэдэс нарийхан гуятай байхыг мөрөөддөг. Ингэхийн тулд тэд юу ч хийхээс буцахгүй.
Бараг идэхээ больж, эсвэл идсэний дараа зориуд бөөлжих, туулгах эм уух, тусгай дасгалаар хичээллэх гэх мэтээр оролдоход хүссэндээ хүрэх нь олонтаа. Тэд турдаг.
Гэвч гэнэт сарын тэмдэг зогсчихдог. Эдгээр гоё охидын жин 45 кг-с хэтэрдэггүй. Зарим эрдэмтэд үүнийг биеийн критик жин гэж нэрлэдэг бөгөөд жин эгзэгтэй байдлаас доош орвол нөхөн үржихүйн эрхтнүүдийн үйл ажиллагаа хямарч, өнчин тархи ба өндгөвчөөс дааврын үүсэлт болон ялгаралт удаашрах, умай, хөхний хэмжээ багасах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Сарын тэмдэг хэр удаан саатна, төдийчинээ нөхөн үржихүйн эрхтнийг сэргээх түвэгтэй байдаг. Байдал сайнаар төгсөхгүй байх нь ч бий. Жингийн эрс бууралтаас шалтгаалсан сарын тэмдгийн хямрал нь ирээдүйд үргүйдэлд ч хүргэж болно.

Эцэг эхдээ хэлэлгүйгээр охидын эмчид үзүүлж болох уу?

Эмч ямар нэгэн төлөвлөгөөт үзлэгийн үед охинд ямар нэг эмэгтэйчүүдийн өвчин илрүүллээ гэж бодъё. Оношийг тодруулахын тулд олон асуулт асуух шаардлага гардаг. Хүүхэд үедээ өвчилсөн өвчнүүд, төрөхийн гэмтэл, жирэмсэн үед урагт нөлөөлөх таагүй нөлөөлөл байсан эсэх гм. Хүүхэд үүнд хариулж чадах уу, үгүй л болов уу.

Иймээс 15 нас хүрээгүй л бол охидын эмчид ээжтэйгээ ирэхийг зөвлөдөг. Эмч өвчтөн охиныг эцэг эх рүү нь утастах, үзүүлэх болсон шалтгааныг нь тайлах, үзлэгт яагаад ирээгүйг багшаар нь дамжуулж асуух гэх мэтээр эвгүй байдалд хэзээ ч оруулж болохгүй.

Охид эмчид яагаад өөрийн дураар ханддаггүй вэ?

Бэлгийн амьдралд орсон охид эцэг эх нь мэдчих вий гэж үхтлээ айдаг. Эмч хэн нэгэнд өвчтөний зөвшөөрөлгүйгээр, мэдээлэл өгөх эрхгүй тул ингэж айх нь утгагүй юм. Бас нэг шалтгаан нь эмэгтэйчүүдийн үзлэгийн орон дээр гарахаас айх.
Гэхдээ энэ нь эрүүл мэнддээ хохирол учруулах шалтгаан биш. Эмэгтэйчүүдийн эмч заавал дотуур үзлэг хийхгүй байж болно. Жишээ нь, хамгаалалтын арга сонгоход чин сэтгэлийн харилцан яриа л хангалттай. Охидын үзлэгээр эмчийн хувцсаа тайлж орон дээр гарах хүсэлтэд охин татгалзах эрхтэй. Зарим охид эмэгтэйчүүдийн эмчид онгон хальсаа цоолно гэсэн айдсаас болж очдоггүй.

Санаа зовох хэрэггүй, эмч охидыг яг эмэгтэйчүүд шиг үздэггүй. Үзлэгийг гараар хийх ба үтрээгээр бус шулуун гэдсээр хийдэг. Хэрэв умайн хүзүү ба үтрээг харах шаардлагатай бол эмч тусгай нарийн, охидын толь ба вагиноскопийг хэрэглэдэг. Үүнийг онгон хальсыг гэмтээлгүй жижиг нүхээр оруулдаг.

 

 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх